Монгол Улсад Forensic Sience буюу Шинжлэн магадлах ухаанаар жигүүрлэсэн Шүүхийн шинжилгээний байгууллага үүсч, хөгжсөний 70 жилийн ой энэ онд тохиож байна.
1928 онд Дотоодыг хамгаалах газрын Шифрийн нууц тусгай тасагт хууль цаазны гэрэл зурагчны орон тоог бий болгож бүрэн эрхт төлөөлөгч Басанг томилон ажиллуулж эхэлснийг Монголын шүүхийн шинжилгээний байгууллагын үүсэл гэж үзэх боловч 1944 онд УЦСГ-ын Гүйцэтгэх хэлтсийн харъяанд Шинжлэн магадлах техникийн тасаг байгуулсныг Шүүхийн шинжилгээний байгууллагын үндэс суурь болсон гэж албан ёсоор тэмдэглэдэг билээ.
Шүүхийн шинжилгээний байгууллагын түүх бол үе үеийн шинжээч, алба хаагчдын уламжлал, шинэчлэлээр нөхцөлдсөн байдаг. Ямар ч нийгмийн үед зохион байгуулалт, бүтэц, ажлын арга барилын эрс өөрчлөлт гардаггүй, залгамж чанараа алдалгүй хадгалж байдаг цаад учир шалтгаан нь үе үеийн шинжээчид нэгэн шинжлэх ухаан дор захирагдан, нэгэн үйл хэргийн төлөө ажилладагт оршдог юм.
Түүхт 70 жилийн ойн баярын арга хэмжээнд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, дэд сайд Ц.Уугангэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, ОХУ-д суугаа ХЗЯ-ны байнгын төлөөлөгч бөгөөд Элчин сайдын зөвлөх, цагдаагийн хурандаа Б.Болдбаатар, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Сүнжид, Хууль зүйн нэгдсэн бодлогын газрын дарга Б.Баасандорж, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга С.Мөнхбат, ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар С.Баатаржав болон Хууль зүйн яамны харъяа агентлаг байгууллага болон хамтран ажилладаг байгууллагын удирдлага, зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж баяр хүргэн хүндэтгэл үзүүлсэн юм.
70 жилийн ойн баярын хурал Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт өчигдөр болж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирал, цагдаагийн хурандаа Х.Өлзийбаяр баярын хурлыг нээж үг хэллээ. Мөн Монгол Улсын Засгийн газар, яамд агентлаг, байгууллагуудын мэндчилгээ, шагнал гардуулах ёслолын арга хэмжээ, алба хаагчдын тангараг өргөх үйл ажиллагаа болон Криминалистикийн албаны 70 жилийн ойд зориулан хийгдсэн “НОТЛОХ ЁСТОЙ ҮНЭН” баримтат киног үзүүлж, түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, шинжилгээнд ашиглагдаж байсан болон одоо ашиглагдаж буй техник хэрэгслийг дэлгэн танилцуулсан юм.
2014.10.24
ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН