Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын
яам, Хүүхдийн төлөө үндэсний газар хамтран "Хүүхэд хөгжил -2014"
цугларалт уулзалтыг 2014.09-12-14 Дундговь аймгийн "Бүрдийн уянга"
хүүхдийн зусланд зохион байгууллаа.
Энэхүү уулзалт, цугларалтад Хүн
амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, ХАХНХЯ-ны Хүүхэд, гэр
бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Х.Баавгай, Хүүхдийн төлөө үндэсний газрын
дэд дарга Энхтайван, тамгын газрын дарга Э.Одбаяр болон Улаанбаатар,
Төв, Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Өмнөговь аймгийн Хүүхэд гэр бүл
хөгжлийн хэлтэс, сургуулийн нийгмийн ажилтан, хүүхдийн төлөө үйл
ажиллагаа явуулдаг зарим төрийн бус байгууллагуудын албан хаагчид бүхий
200 гаруй төлөөлөгч тус цугларалтад оролцсон юм.
Дундговь аймаг
нь бие даасан хүүхдийн зуслан, хүүхдийн парк, тоглоомын талбай,
хүүхдийн театр гэсэн хүүхдийн хөгжлийн орчиныг бүрдүүлж, тогтмол үйл
ажиллагаа явуулж ирсэнээрээ онцлог юм. Тиймээс энэхүү туршлагаас
хуваалцах, харилцан туршлага солилцох, цаашид хөгжлийн ямар шинэ гарц
байгаа талаар зохион байгуулсан байна.
Цугларалтад оролцогчдид
хүүхдийн хөгжил, хамгааллын гол цөм нь гэр бүлийн харилцаа, боловсрол,
мөн хөгжлийн орчин гэдгийг онцлон түүнд чиглэсэн тусгай сургалт,
хөтөлбөрт хамрагдсан.
Тухайлбал, Миний гэр бүлийн эдийн засаг,
Миний гэр бүлийн орчин, Миний гэр бүлийн эрүүл мэнд, Миний гэр бүлийн
түүх бахархал гэсэн чиглэлээр сургалт орж, түүнд тохирох даалгавар,
дасгал ажлыг оролцогчид баг болж гүйцэтгэж байсан. Мөн өсвөр үеийн
хүүхэд багачуудыг хөгжүүлэх "Эх орон -36" хөтөлбөрийн хүрээнд
өртөөчилсөн аялалд оролцсон.
Түүнчлэн Хүүхэд хөгжил -2014
цугларалтаар “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн талаарх эрх зүйн шинэчлэлийн
бодлого” сэдвээр ХАХНХЯ-ны Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга
Х.Баавгай, Хүүхдийн хөгжлийн талаарх онол, үзэл хандлага сэдвээр
Хүүхдийн төлөө үндэсний газрын Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын дарга
Ж.Долгормаа, Гэр бүлийн боловсролын онол, арга зүйн үндэс сэдвээр
доктор, профессор Т.Цэнпсүрэн нар онол арга зүйн талаарх илтгэл тавьж,
хэлэлцүүлэг зохион байгуулсан.
Мөн Дундговь аймгийн “Тэнгэрийн
тэмдэг” хүүхдийн театр, Хүүхдийн цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагаатай
танилцаж, туршлага судалсан байна.
Хөдөө орон нутгийн хамгийн шилдэг Хүүхдийн парк
Дундговь аймаг байгуулагдсаны түүхт 70 жилийн ойд зориулан бүтээн
байгуулан томоохон ажлын нэг нь энэхүү Хүүхдийн парк юм. Нийт 15 га
газар хамарсан 18 объект бүхий 620,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт
бүхий хүүхдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх цогцолбор талбай гэж
хэлж болно.
Тус паркад 48 суудалтай алсыг харагч, 15 морь бүхий
морин тойруулга, агаарын манеж, цахилгаан галт тэрэг, сагсан бөмбөгийн
иж бүрэн талбай, гэрэлтүүлэг бүхий усан ориглуур, задгай театр, мод
цэцэг усалгааны зориулалт бүхий гүний худаг зэргийг бүтээн байгуулсан нь
орон нутагт үйл ажиллагаа явуулж буй Хүүхдийн паркаас хамгийн шилдэгт
тооцогдох, үлгэр дууриал болохуйц байгууламж болсон байна.