Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилд хийсэн ажлын явц, түүний үр дүнгийн талаар ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б. Отгонжаргалтай ярилцлаа.
- Сайхан зусч байна уу.
-Сайхан. Та сайхан зусч байна уу.
- Бид өнөөдрийн ярилцлагаа Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд хийгдэж байгаа ажлын явцын талаар хийе гэж бодлоо. Гэр бүлийн үнэ цэнэ, үнэт зүйлс юу болох талаар энэхүү яриагаа эхэлье?
-Айл гэрийн бүх гишүүд нь оролцож, эцэг эх нь үр хүүхэдтэйгээ хамт суугаад гэр бүлийнхээ үнэ цэнэ, үнэт зүйлийн талаар санал бодлоо солилцож, нэгдсэн нэг ойлголттой болох нь чухал билээ. Монгол гэр бүлийн үнэ цэнэ бол эрэгтэй эмэгтэй хосын бие биенээ хайрласан хайр сэтгэл, итгэлцэл, элгэмсэг харилцаа, үр хүүхэд, удам судар, эцэг эх, эрдэм номыг дээдэлсэн сэтгэлийн хэмжүүр юм. Харин “Гэр бүлийн үнэт зүйл” гэдэг нь тухайн айл өрхийн овог удмаасаа уламжлан авч, үеэс үед, үрээс үрд даган мөрдөж, баяжуулан шинэчилж, үр хүүхэддээ зааж эзэмшүүлж, өвлүүлэн залгамжлуулдаг бахархал, оюун билгийн үнэт баялаг гэж боддог. Гэр бүл үнэ цэнэ, үнэт зүйлсээ мэдэрч, түүнийгээ бүтээнэ гэдэг нь цаад утгаараа “Нийгмийн үнэт баялаг”-ийг бүтээж, “Үндэсний тусгаар тогтнолын баталгаа”, “Улс гэрийн хөгжил цэцэглэлт”-эд оруулж байгаа хувь нэмэр юм.
-Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд шат дараатай олон ажил хийхээр төлөвлөсөн байх. Эдгээрээс онцолбол?
-Манай яам 2013 онд “Гэр бүлийн үнэ цэнэ” үндэсний хэлэлцүүлгийг улс орон даяар бүсчилэн зохион байгуулж, 35000 гаруй иргэд оролцсон юм. Хэлэлцүүлгийн үеэр 18 төрлийн зөвлөмж, арга зүйн материалыг эмхэтгэн бүх орон нутагт хүргүүлсэн. Мөн оны намар “Гэр бүлийн үнэ цэнэ, хөгжил-шинэчлэл” Үндэсний чуулганыг зохион байгуулж, 2014 оныг “Гэр бүлийг дэмжих жил” болгон зарлах тухай зөвлөмж гаргасан юм. Уг зөвлөмжийг ард иргэд халуун дотноор хүлээн авч, төр засгийн удирдлагууд дэмжин, улмаар Засгийн газрын шийдвэр, ХАХНХ-ын сайдын тушаал гарч энэ оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгосон билээ. Өөрөөр хэлбэл гэр бүлийн үнэ цэнэ, үнэт зүйлсийн асуудал үргэлжилж байна гэсэн үг.
-Гэр бүлийн жилийг төрийн бүх шатны байгууллага, иргэд хэрхэн хүлээн авч байна вэ?
-Төрийн бүх яамд, агентлагууд “Гэр бүлийн жилд” тусгайлсан төлөвлөгөө гарган ажиллаж эхний хагас жилд багагүй ажил хийж гүйцэтгэсэн байна. Зарим яамдын ажил үйлсээс дурьдвал: Хөдөлмөрийн яам ажилтан албан хаагчдынхаа гэр бүл, ахуй амьдралыг дэмжих, нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаарх заалтыг “Хөдөлмөрийн дотоод журам”-даа тусган хэрэгжүүлж эхлээд байна.Мөн 7 хоног бүрийн Бямба гарагт нийт албан хаагчид /сайн дураараа/ гэр бүлээрээ Богд ууланд аялдаг арга хэмжээг зохион байгуулж хэвшээд байна.Сангийн яам “Хөдөлмөрийн дотоод журам”-даа “Залуу ажилтан гэр бүл болоход нь мөнгөн хөрөнгийн буюу эд материалын зохих тусламж үзүүлэх”-ээр тусгаж, 15,7 сая төгрөгийн тэтгэмж, тусламж үзүүлсэн бол Барилга хот байгуулалтын яам 10 албан хаагчаа орон сууцны ипотекийн зээлд хамруулж, ажилтнуудынхаа 20 хүүхдийг зуных нь амралтаар хүүхдийн зусланд хөнгөлөлттэй үнээр амруулсан байна.Хууль зүйн яам “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлсэн. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдөд багаар үйлчилгээ үзүүлэх сургалтад 260 хэсгийн цагдаа, нийгмийн ажилтнуудыг хамруулж чадавхжуулсан байна. Мөн гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, шуурхай үйлчилгээ үзүүлэх зорилгоор 1222 тусгай дугаарын утас ажиллуулж байна.Зам тээврийн яам нийт албан хаагчиддаа гэр бүлийнх нь хамт “Их хатдын домог” түүхэн сэдэвт бүжгэн жүжгийг үзүүлж, “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдвээр доктор, профессор Т. Намжилаар лекц уншуулсан байна. Эрүүл мэндийн яам энэ оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаж, 8 зорилт бүхий 90 үйл ажиллагаа төлөвлөн хэрэгжүүлж байна. Эх, хүүхэд гэдэг гэр бүлийн хүндтэй гишүүд билээ. Тэгэхлээр энэ маань гэр бүлийн жилтэйгээ уялдаж, түүний хэрэгжилтэд сайн нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.
- Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд бодлогын түвшинд ямар ажил хийж амжив?
-Хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлогын төслийг боловсруулан Засгийн газраар дэмжүүлж, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн бариад байна. 1999 онд баталсан Гэр бүлийн тухай хуулийг нийгмийн хөгжлийн зүй тогтол, хүний хөгжил, хүүхдийн эрх, хүний эрх, эрх чөлөөний талаарх олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэн боловсруулж, гэр бүлийн хөгжил, хүүхдийн эрхэд суурилсан зарим өөрчлөлтүүдийг оруулан 11 бүлэг, 121 зүйлтэйгээр шинэчилэн найруулж төслийг боловсруулсан. Хуулийн төсөлд одоогийн Хүүхдийн төлөө үндэсний газрыг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн агентлаг болгож нийслэл, аймаг, орон нутагт Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан бүтэцтэй байхаар тусгасан. Гэр бүлийн тухай хуулийн төсөл нь Үндсэн хууль, бусад хуульд бүрнээ нийцэж байгаа бөгөөд уг хуулийн хэрэгжилтийг бодитойгоор хангах, хуулийн давхардал, хийдэл, зөрчилгүйгээр, уялдааг сайжруулах үүднээс шинээр боловсруулж байгаа Гэмт хэргийн тухай болон Зөрчлийн тухай хуулиудын төсөлтэй уялдуулсан ба энэ хууль батлагдахтай холбогдуулан Иргэний бүртгэлийн тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай зэрэг 10 орчим хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төслийн саналууд боловсруулагдсан байгаа. Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиуд шинээр болон шинэчлэгдэн гарах болно. Эдгээр нь Хүүхэд, гэр бүлийн талаарх хууль эрх зүйн орчны томоохон шинэчлэл болох юм.
- Гэр бүлийн асуудлаар олон нийтэд чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагаа хэр хийгдэж байна.
-Монгол гэр бүлийн уламжлалт ёс заншлыг сэргээх өвлүүлэхэд чиглэсэн бодлогын нөлөөллийн хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүллээ. Тухайлбал: “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”-д зориулан ХАХНХЯ-ны захиалгаар Улаахбаатар их сургуулийн Хүүхэд, нийгмийн үйлчилгээний тэнхимийн эрхлэгч, гэр бүл судлалын төвийн захирал, сурган хүмүүжүүлэх шинжлэх ухааны доктор, профессор Т.Намжил “Гэр бүлийн тайлбар толь”, “МОНГОЛ ГЭР БҮЛ” гэсэн томоохон бүтээлүүдийг гаргалаа. Эдгээр бүтээл нь Моголчуудын гэр бүлийн үүсэл, түүх, ёс заншил, сурган хүмүүжлийн уламжлал, гэр бүл судлалын онол арга зүй зэрэг суурь асуудал, Монгол гэр бүлийн хөгжлийн цаашдын чиг хандлагыг багтаасан онцлогтой. “Монгол гэр бүл”, “Гэр бүлийн тайлбар толь” бүтээлүүд нь нийт гэр бүл, иргэдийн “гэр бүлийн боловсрол”-ыг нэмэгдүүлэхэд төдийгүй гэр бүл судлалд чиглэгдсэн юм. Гэр бүлийн жилд гарсан бас нэг том бүтээл бол Ардын уран зохиолч Т. Галсангийн “Төр улсын дотор гэр улс оршихуйн нууц” ном юм. Эл бүтээл нь монгол өрх гэр үүсэн хөгжиж , оршин тогтож ирсэн түүхэн сургамж, уламжлал, ёс журмыг залуу хойч үедээ өвлүүлэн сургамжилсан гэр бүл бат оршихуйн нууц товчоон юм. Түүнчлэн Олон улсын гэр бүлийн өдрөөр Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилд зориулж, “Хүндэтгэлийн арга хэмжээ”-г Соёлын Төв Өргөөнд зохион байгуулан, аймаг, дүүргүүдээс ирүүлсэн 200 орчим шилдэг гэр бүлүүдээс “Авъяаслаг гэр бүл”, “Хүмүүнлэг гэр бүл”, “Бүтээлч гэр бүл”, “Алдартан гэр бүл”, “Оюунлаг гэр бүл”, “Азай гэр бүл”, “Өнөр гэр бүл” гэсэн төрлүүдээр “Шилдэг 9 гэр бүл” шалгаруулж, ХАХНХ-ын сайд өргөмжлөл гардуулж, хүндэтгэл үзүүлсэн. Уг арга хэмжээнд 1200 гаруй гэр бүлийн төлөөлөл оролцсон. Энэ арга хэмжээг жил бүр зохион байгуулж, хамрах хүрээ, ач холбогдлыг нэмэгдүүлэх юм.
-Гэр бүлийн боловсрол, мэдээллийг олон нийтэд түгээхэд хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоо чухал шүү дээ. Энэ талаарх таны бодол?
- Тэгэлгүй яахвэ. Хэвлэл мэдээллийн байгууллага гэдэг бол олон нийтийг соён гэгээрүүлж, мэдлэг, мэдээллийг шуурхай дамжуулах томоохон арга хэлбэр юм. Тиймээс ч бид хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран, гэр бүлийн хөгжилд хувь нэмрээ оруулж байна. Тухайлбал, ЭКО ТВ бага насны хүүхдүүдэд гэр бүлийн боловсрол олгоход чиглэсэн “Өхөөрдөм хөөрхөн хүүхдүүд” Солонгосын реалити нэвтрүүлгийг орчуулан олон нийтэд хүргэж байна.Хүүхдүүд тэр тусмаа бага насны хүүхдийн хүсэл, мөрөөдөл, сонголт, сонирхол, үзэл бодлоо илэрхийлж буй байдал аль улс үндэстнээс үл хамааран ижил төстэй байдаг шүү дээ. Энэ нэвтрүүлгийг үзэхэд яг л манай монгол хүүхдүүд айл гэр болж тоглодог шиг тэр санаа харагдаж байсан. Гэхдээ Солонгос гэр бүлийн уламжлал ёс заншил, үнэт зүйлийг маш нарийн тусгасан байгаа юм. Солонгосын олон ангит киноны оронд энэ мэт сайн туршлагыг нь нэвтрүүлж байгаад ЭКО ТВ-д талархаж байгаагаа илэрхийлье. Мөн “Гэр бүлийн хайрын тухай сайхан дурсамжит түүхүүд” богино хэмжээний өгүүлэмжит нэвтрүүлгийг бэлтгэн явуулж байгаа гэр бүлийн радио FM-104,5 болон нийтлэлийн бодлогоо гэр бүлийн бүх гишүүдэд зориулж байгаа “ТВ zone” сэтгүүлийнхэн гэр бүлийн боловсрол, мэдлэг олгоход түлхүүтэй анхаарч байгаад баяртай, дэмжүүштэй байдаг.
-Орон нутагт зохион байгуулсан үйл ажиллагаа иргэд, гэр бүлд хүрч байна уу?
-Нийгмийн даатгалын байгууллагууд ажилтнуудынхаа гэр бүлийн гишүүдийн дунд спортын тэмцээн зохион байгуулж, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр албан хаагч, ажилчдын хүүхдүүдэд эцэг, эхийнх нь ажлын байрыг танилцуулж, бэлэг гардуулах үйл ажиллагааг зохион байгуулсан. Мөн Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Хавдар судлалын үндэсний төвийн “Хавдрын эсрэг үндэсний аян-2014” ажлын баг аймагт ирж ажиллах үеэр 12 ажилтныг, гэр бүлийн хамт урьдчилан сэргийлэх үзлэгт оруулж, нарийн мэргэжлийн эмч нараас зөвлөгөө өгч ажилласан байна. Нийгмийн халамжийн байгууллагууд гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн ажлыг эрчимжүүлэх, жилийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилгоор Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр, Цэцэрлэг, Орхон баг, Түвшрүүлэх сумын Баян-Өндөр, Улаан-Уул баг, Хотонт сумын Хөөвөр, Батцэнгэл сумдын нийт 500 гаруй иргэдтэй уулзаж, Хүн амын хөгжлийн чиглэлээр баримталж буй бодлого, Өрхийн хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар мэдээлэл хийсэн байна. Сонгогдсон аймаг, дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, НХҮХ-ийн холбогдох удирдлага, ажилтнууд, сум, хороодын нийгмийн ажилтнуудыг оролцуулсан “Өрхийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга зүй” сэдэвт 3 өдрийн сургалтыг зохион байгуулсан. Сургалтад нийт 190 хүн хамрагдсан ба 24,9 сая төгрөгний зардлыг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлж буй Өрхийн чадваржуулах төслөөс санхүүжүүлсэн. Сургалтад хамрагдагчид нь насанд хүрэгчдийн дунд сургалт явуулах, өрхийн амьжиргаанд үнэлгээ хийх, түүнд суурилсан өрх бүрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах, өрхийн хөгжлийн бүлэг тодорхойлох, үнэлгээний нэгтгэл хийх, сум, аймгийн хэмжээний өрхийн хөгжлийн нэгдсэн төлөвлөгөө боловсруулах ур чадварт суралцсан байна. ХТҮГ-аас хэрэгжүүлж буй “Миний гэр бүл” хөгжлийн хөтөлбөрт Хөвсгөл аймгийн 11240, Налайх дүүргийн 2370, бусад 20 аймаг, 8 дүүргийн 2500, нийт 16000 хүүхэд, өрх гэр бүл хамрагдаж байна. 21 аймаг, 9 дүүрэгт “Нээлттэй хаалганы өдөрлөг”, 70 гаруй тусгайлсан арга хэмжээ зохион байгуулсан байна. Аймаг орон нутгийн хэмжээнд гэр бүлийн хөгжлийн жилд зориулсан сургалт лекц 118 удаа зохион байгуулж нийт 25686 хүнийг, хурал, чуулган уулзалт, хэлэцүүлэг, зөвөлгөөн 60 удаа зохион байгуулж нийт 14800 орчим хүн хамруулсан байна.Жилийн ажлын хүрээнд орон нутагт нийт 47 удаагийн телевизийн нэвтрүүлэг бэлтгэн гаргасан байна. Гэр бүлийн асуудлаар зөвөлгөө, зөвлөмж өгөх ажлыг 502 удаа зохион байгуулж нийт 2300 гаруй хүнд хүрч үйлчилсэн байна. Хүүхэд, гэр бүлд зориулсан утасны үйлчилгээ нийт 12 газарт ажиллаж шаардлагатай мэдээлэл, зөвөлгөөг өгч байна. Жилийн ажлын хүрээнд аймаг, сум, дүүргүүд 92 сая төгрөгийг зарцуулаад байна. Жилийн ажлын хүрээнд хүүхэд гэр бүлд чиглэгдсэн 14 хөтөлбөр орон нутагт хэрэгжиж байна.
- Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд зохион байгуулж буй ажилд иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо ямар байна вэ
-“Гэр бүлийн жил”-д Гэр бүлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-дын хийж байгаа ажлын тайлан хэлэлцүүлэг, уулзалтыг 6 сарын 30-ны өдөр зохион байгуулж, 14 ТББ оролцлоо. “Монгол гэр бүлийн ёс заншлын сургалт, судалгааны төв” 2014 оны хичээлийн жилээс ЕБС–ийн 11-р ангийн сурагчдад Гэр бүлийн мэдлэг олгох “БОЛОВСРОЛ-XI” сургалтыг явуулахаар болсон байна. "Гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих боловсролын төв" эрдэмтэн судлаачдын дунд “Гэр бүлийн тулгамдсан асуудлууд” сэдвээр илтгэлийн уралдаан зарлаж, 20 орчим эрдэмтэд, судлаачдын илтгэлийг хэлэлцсэн байна. “Гэр бүлийн боловсрол” сурах бичиг хэвлүүлэхэд бэлэн болсон байна. Түүнчлэн 6 аймгийн Хүүхэд гэр бүлийн хэлтэс, боловсролын газруудад гэр бүлийн чиглэлээр сургалт, лекц зохион байгуулжээ. Мөн нийслэлийн 9 дүүргийн хүүхэд гэр бүлийн мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх сургалтад хамруулсан байна. Гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжихэд хамгийн гол зүйл нь гэр бүлийн боловсролын асуудал юм. Тиймээс Улаанбаатар их сургуулийн гэр бүл судлалын тэнхимтэй хамтран Гэр бүлийн боловсрол олгох “Залуу гэр бүлд зориулсан сургалтын”, “Эцэг эхэд зориулсан телевизийн”, “Гэр бүлийн зөвлөн туслах үйлчилгээний мэргэшсэн сургалтын” модуль, арга зүйг боловсруулж, бэлэн боллоо. Энэ модулийн дагуу сургалт, сурталчилгааны ажлуудыг зохион байгуулахад боломжтой болж байна. Мөн Гэр бүлд зөвлөгөө өгөх төвийн стандалтыг батлуулж, Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын дэргэд “Гэр бүлд зөвлөгөө өгөх жишиг төв”-ийг байгуулаад байна. “Монгол өрх” сэтгэл заслын холбоо 56 хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө, заслын үйлчилгээ үзүүлсэн байна. ТББ-дын үйл ажиллагааны тайланг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”-ийн ажлын тайланд тусгах болно.
- Гэр бүлийн хүндтэй гишүүдийн нэг хүүхдүүд маань гэр бүлийн талаар ямар ойлголт, хандлагатай байдаг юм бол?
-Гэр бүлийн үнэ цэнэ хөгжил, шинэчлэл чуулганыг угтаж Дэлхийн зөн монгол олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулсан “Би гэр бүлдээ үүнийг хүсдэг” гар зургийн болон эссэ бичлэгийн уралдаанд нийт 3000 гаруй хүүхэд оролцсон юм. Тэдний зурсан зурагт зарим нэг нь хүчирхийлэгч аавыгаа гаргүйгээр, хар нүдний шилтэйгээр дүрсэлсэн байдаг бол өөр нэг нь 3 сармагчингийн дүрээр гэр бүлийнхээ харилцааг ёгтлон харуулсан байдаг. Энэ жил хүүхдийн баяраар Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас зохион байгуулсан гар зургийн уралдаанд 160 гаруй бүтээл ирсэн бөгөөд гол агуулга “Хүүхэд гэр бүлдээ л жаргалтай” гэсэн санааг илэрхийлсэн байлаа. Гэр бүлийн харилцааны талаар ХТҮГ-с 2013 онд явуулсан судалгаанаас үзэхэд Судалгаанд оролцсон хүүхдүүдийн 1,1% нь байнга, 43,7 % зарим үед хүүхдийн дэргэд архидан согтуурдаг гэсэн хариулт өгсөн нь маш өндөр үзүүлэлт юм. Энэ нь эцэг, эхчүүдийн дунд архидалт маш их байгаа, хүүхдэд буруу үлгэр дуурайл үзүүлж байгааг илтгэж байна. Хүүхдийнхээ дэргэд 2,7% нь байнга, 65,7% нь зарим үед муудалцдаг гэж хариулсан нь нийт гэр бүлийн 68,4 %-д нь гэр бүлийн зөрчил, маргаан их бага хэмжээгээр байгааг харуулж байна. Чи гэр бүлийнхнээсээ юуг чухалчлан хүсэх вэ? гэсэн асуултад асуулгад оролцсон нийт хүүхдийн 58 хувь нь томчууд биднийг сонсдог байхыг хүснэ гэжээ. Харин 34 хувь нь аав ээж, багш бусад хүмүүс загнаж, зоддоггүй, уурладаггүй байхыг хүссэн байна.
-Гэр бүлийн жил зарласны гол үр дүнг та юу гэж харж байна?
-Бид сүүлийн 2 жил гэр бүлийн үнэ цэнэ, гэр бүлийн хөгжлийн асуудлыг хөндөн ярьж, удаа дараагийн уулзалт, зөвлөгөөн, чуулган, хэлэлцүүлэг зохион байгуулж, олон нийтэд хүргэн таниулсны үр дүнд “гэр бүлд суурилсан хөгжлийн бодлого”, “хүүхэд төрсөн гэр бүлдээ эрүүл энх, өсч хөгжих нь түүний дээд эрх ашиг юм”, “гэр бүл бол төр улс дахь гэр улс юм” гэсэн үзэл, хандлага нийгэмд төлөвшиж эхэллээ. Энэ бол том амжилт.
-Цаашид гэр бүлийн жилийг эрчимжүүлэх талаар ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?
-Тогтвортой амьдарч, үр хүүхдээ сайн сайхан өсгөж буй гэр бүлүүдийг дэмжин урамшуулах,“Эцэг, эх-хүүхэд-харилцаа” гэсэн хөтөлбөрийг улс орны хэмжээнд хэрэгжүүлэх Телевиз, радиогоор олон нийтэд гэр бүлийн боловсрол олгох, чиглэлээр нэвтрүүлэг явуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, Хүүхэд өсвөр үеийнхний дунд гэр бүлийн чиглэлээр төрөл бүрийн уралдаан тэмцээн зохион байгуулах, Гэр бүлд чиглэсэн арга хэмжээ, үйл ажиллагааны төсөв санхүүжилтийг байгууллага, аж ахуйн нэгж бүр жилийнхээ төсөвт тусган төлөвлөдөг уламжлал тогтоох, Гэр бүлд чиглэсэн нэвтрүүлэг, нийтлэлийн уралдаан зарлаж дүгнэх, Гэр бүлийн амьдрал, үнэ цэнэ, үнэт зүйлс, уламжлалт соёл, зан заншлыг харуулсан тайз дэлгэцийн бүтээлүүдийг дэмжих, Гэр бүлд нийгэм сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлдэг, зөвлөгөө өгдөг гэр бүлийн сэтгэл зүйч, сэтгэл засалч, судлаачдыг бэлтгэх асуудалд анхаарч ажиллах болно.
- Манай сониноор дамжуулан уншигч олонд хандан та юу гэж хэлмээр байна?
-Гэр бүлийн жилдээ аж ахуйн нэгж байгууллага бүхэн, төрийн яам, агентлагууд, орон нутгийн төр захиргааны байгууллагууд өөр өөрсдийн харъяалал бүхий айл өрх, ажилтан албан хаагчдынхаа ар гэр, гэр бүлийн төлөө бодитой, тус нэмэртэй, үр нөлөөтэй үйл ажиллагааг олноор зохион байгуулж, гэр бүлийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулаасай гэж хүсч байна. Бас Монгол гэр бүлийн хойморт хүүхдийн инээд цалгиж, өрх гэр бүл бүхэн ажилтай, орлоготой, эвтэй найртай, элэг бүтэн, эрүүл энх, бат оршихуйн ерөөл өргөе
- Цаг гаргаж ярилцлага өгсөн танд баярлалаа. Гэр бүлийн хөгжлийг дэмжих их ажилд амжилт авчрахыг, мөн танай гэр бүлийнхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
-Баярлалаа. Танд болон Монголын нийт өрх гэр бүлд аз жаргал, эрүүл энхийг хүсье.