Хууль зүйн яам түүний харьяа байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” 2014 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Чингисийн талбайд боллоо. Өдөрлөгийг нээж Хууль зүйн сайд Х.Тэмүүжин үг хэлж, харьяа агентлаг, газрын дарга нар иргэдэд үзүүлж буй үйлчилгээ болон байгууллагын үйл ажиллагаатай танилцав.
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн нь байгууллагын үйл ажиллагаа болон шинжилгээнд ашиглагддаг техник, тоног төхөөрөмжөө танилцуулахаас гадна иргэдэд олон төрлийн үйлчилгээг шуурхай үзүүллээ. Тухайлбал 1450 хүний гарын хээний дардас, 620 хүний цусны бүлэг тодорхойлох шинжилгээг үнэ төлбөргүй хийж үйлчилсан байна. Иргэдийн сонирхлыг татаж байсан үйлчилгээний нэг нь хуурамч мөнгөн дэвсгэртийг тусгай зориулалтын төхөөрөмжөөр таниулах ажил байв.
Мөн хүрээлэнгийн төв байранд Криминалистикийн шинжилгээний хэлтсийн Галт зэвсгийн лаборатори ажиллаж галт зэвсгийн хонгио хошууны нэгдсэн санд иргэд, хуулийн этгээдийн галт зэвсгийг бүртгэж, галт зэвсгийн ашиглалт, аюулгүй ажиллагааны талаар зааварчилгаа, зөвлөгөө өгч, гол төмөрт гацсан сумны хошуу болон хонгиог аюулгүй гаргаж өгч ажиллаа. Өргөдөл гомдол хариуцсан ажилтан төвлөрсөн цэгт иргэдээс хүсэлт өргөдөл гомдлыг нь хүлээн авч хууль, эрх зүйн зөвлөлгөө өгч ажилласан ба Шүүхийн шинжилгээний байгууллага, алба хаагчтай холбоотой өргөдөл, гомдол ирээгүй байна.
ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН