Гэр бүлийн хүчирхийллийг арилгах, нэгэнт хүчирхийлэлд өртсөн гэр бүлийн гишүүдэд туслалцаа үзүүлэх, хамгаалалтанд байлгах, хуулийн болон эмнэлгийн туслалцаа үзүүлэх зорилгоор төрийн бус байгууллагууд улсын хэмжээнд цөөн тоогоор ажиллаж байна. Үүнд Хууль зүйн яамнаас анхаарал хандуулж хуулийн хүрээнд дэмжлэг болон ажиллаж байна. Одоо улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийг хамгаалах "Түр хамгаалах" 6 байр, "Нэг цэгийн үйлчилгээ"-ний 4 төв ажиллаж байна.
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтсийг түшиглэн байгуулсан Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртөгсдөд туслалцаа үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төвийн он гарсаар эхний 5 сарын дүн мэдээг танилцуулъя."Нэг цэгийн үйлчилгээний төв"-ийг энэ онд Хууль зүйн яамнаас санхүүжүүлж тохижилтыг шинээр хийгээд байгаа билээ. 2014 он гарсаар эхний 5 сард зөвхөн нэг цэгийн үйлчилгээний энэхүү төвөөр 160 хүн үйлчлүүлсэн нь бүгд эмэгтэй байжээ. Тэднээс 41 нь бэлгийн хүчирхийлэлд, 119 нь гэр бүлийн хүчирхийлэлд өртснөөс бараг 50 хувь нь 17-30 хүртэл насны эмэгтэйчүүд эзэлж байгаа бол 0-16 насныхан болон 30-аас дээш насны эмэгтэйчүүд тэнцүү хувиар ямар нэг хэлбэрийн хүчирхийллийн хохирогчид болсон байна.
Нэг цэгийн үйлчилгээний энэ төвөөр 2010-2013 онд нийт 516 хохирогч үйлчлүүлснээс гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон 5 эрэгтэй байгаагаас 4 нь 0-16 хүртэл насных, 1 нь 30 хүртэлх насных байжээ. Харин дээрхи 3 жилийн хугацаанд 266 хүн бэлгийн хүчирхийлэлд өртсөн нь бүгд эмэгтэйчүүд байсан бөгөөд дийлэнхи нь 16-30 хүртэл насны бүсгүйчүүд байсан байна. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон 250 хүний 159 нь 30-аас дээш насны эмэгтэй байж. Үүнээс үзэхэд бэлгийн хүчирхийлэлд залуу бусгүйчүүд болон бага насны охидууд ихэвчлэн өртөж байгаа бол гэр бүлийн хүчирхийлэлд дунд эргэм болон ахимаг насны эмэгтэйчүүд хохирогч болох нь түгээмэл ажиглагдана. Хүчирхийлэлд өртсөн иргэдэд Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтсийг түшиглэн байгуулсан Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртөгсдөд туслалцаа үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төвөөс рентген зураг авах,эхо оношлогоо, нүд,чих хамар хоолойн үзлэг, эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмч үзэх гээд нарийн мэргэжлийн болон лабораторийн шинжилгээнд хамруулж, шаардлагатай тохиолдолд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмчийн дуудлагаар очиж хохирогчдод зарим шинжилгээнүүдийг хийх зэргээр туслалцаа үзүүлдэг юм. “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна. Энэ үеэр хууль тогтоогчид дээрхи төвийн адилаар хүчирхийлэлд өртөгсдөд мэргэжлийн туслалцаа үзүүлэх “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийн тоог нэмэгдүүлэх нь зөв гэсэн байр сууринаас хандаж байгаа төдийгүй хуульд тусгаж өгөх хэрэгтэй гэж үзэж байгаа билээ.