Өмнөговь аймгийг хөгжүүлэх үндсэн зорилтуудын нэгд ард иргэдээ орон сууцжуулах ажил зүй ёсоор багтдаг. Энэ хүрээнд 2016 он гэхэд 1000 айлыг орон сууцаар хангах зорилт тавин ажиллаж байгаа юм. Урин дулаан зун цаг ирж барилгын ажил ид өрнөж эхэлж байгаа энэ үед аймгийн Засаг дарга барилгын компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Орон сууц барих компаниудыг орон нутгаас дэмжиж
ажиллаж байгаа. Тодруулбал, барилга барих газар, дэд бүтцийн асуудлыг
шийдвэрлэж өгөхийн зэрэгцээ барилгын компаниудад 1 тэрбум хүртэлх төгрөгийн
хөрөнгийг орон нутгаас хөрөнгө оруулалт хийж байгаа. Өөрөөр хэлбэл орон сууц
барьж байгаа компаниуд орон нутгаас авсан дэмжлэгээр орон сууцаа бариад иргэдэд
борлуулсаны дараа энэ мөнгөө хүү тооцохгүйгээр жилийн дараа орон нутагт
эргүүлэн өгөх юм. Ингэхдээ орон сууц худалдан авах иргэдэд 1 мкв-ыг
1.050.000-аас хэтрүүлэхгүй байхаар гэрээнд тусгажээ. Энэ нь Өмнөговь аймгийн
иргэдийг орон сууцаар хангахад дэмжлэг үзүүлж байгаа томоохон ажил болж байна.
Аймгийн Засаг дарга барилгын компаниудын төлөөлөлтэй уулзах үеэрээ барилгын
ажлыг эрчимтэй бөгөөд чанартай хийж гүйцэтгэхийг санууллаа.