Монгол улсын
Засгийн газрын хөрөнгө оруулалтаар Улаанбаатараас Даланзадгад чиглэлд хатуу
хучилттай авто зам барих ажлыг гүйцэтгэж байгаа. Энэ зам өнгөрсөн жил бүрэн
ашиглалтанд орох ёстой байсан боловч тодорхой шалтгааны улмаас түр хойшлоод
байсан юм. Харин энэ жил Цогт-Овоогоос Даланзадгад чиглэлийн замын ажил
эрчимтэй явагдаж байна. Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга замын ажлыг
гүйцэтгэж байгаа компаниудын төлөөлөлтэй уулзаж санал солилцлоо.

Даланзадгадаас Цогт-Овоо чиглэлийн 130 км авто замыг гурван компани гүйцэтгэж байна. Тэдний хувьд тулгамдаж байгаа асуудал төдийлөн байхгүй байна, харин компаниудын гаргасан худгийн моторыг хулгайд алдсан тохиолдол гарсанаа хэлж байлаа. Тиймээс орон нутагт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажилд иргэд ухамсартай хандахыг уриалж байсан юм. Харин Засаг даргын зүгээс замаа чанартай бөгөөд хурдан шуурхай хийж гүйцэтгэх ёстойг сануулж орон нутгаас шаардлагатай арга хэмжээ, тусламж дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа хэллээ. Цогт-Овоогоос Даланзадгад чиглэлийн хатуу хучилттай авто замыг ирэх 7 сарын 1 гэхэд бүрэн ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна.
