Энэ онд Өмнөговь
аймагт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын томоохон ажлууд хийгдэнэ гэдгийг
албаныхан хэлж байна. Шинээр барилга барихаас гадна өмнө жилүүдэд хийгдэж
дуусаагүй байгаа зарим ажлуудыг дуусгана гэдгийг ч хэлж байна. Тухайлбал,
Даланзадгадын шинэ суурьшлын бүсэд баригдаж байгаа Соёл спортын цогцолбор, 1200
хүүхдийн сургуулийн барилгууд товлосон хугацаанаас хоцорч байгааг дурдаж болно.
Гэхдээ “төрөөс шалтгаалах зүйл байхгүй, хамтран оролцож байгаа болон
гүйцэтгэтгч компаниудаас шалтгаалж байгаа зүйл их бий” гэж аймгийн Засаг дарга
Б.Бадраа өнгөрсөн долоо хоногт аймгийн төвд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын
ажлуудтай танилцах үеэрээ хэллээ. Тиймээс энэ онд хийгдэхээр төлөвлөсөн хөрөнгө
оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг аль аль талдаа анхаарч ажлаа
эрчимжүүлэхийг үүрэг болгосон юм.
Энэ жил Өмнөговь аймагт
100 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгөөр орон нутагт хөрөнгө оруулалт, бүтээн
байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөсөн. Үүнээс 17 тэрбум нь улсын төсөв бол
ихэнх хувь нь буюу 70 гаруй тэрбум төгрөг нь орон нутгийн хөгжлийн сан болон
орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэх юм.