Дорнодын ДЦС-ыг 45 жилийн турш тасралтгүй нүүрсээр хангаж
ирсэн Адуунчулууны уурхай хамгийн бага үнээр буюу нэг тонн нүүрсээ 9600
төгрөгөөр нийлүүлдэг ажээ. Уурхай, станц хоёрын хооронд ердөө 8 км зайтай байдаг нь
нүүрсний үнэ хямд байхад ихээхэн нөлөөлдөг гэнэ. Ийнхүү нүүрсний уурхай, ДЦС
хоёр харилцан бие биенэсээ хамааралтай байж техник технологийн горим, зам
тээвэр, цахилгаан эрчим хүчний шууд хамааралтай схем, санхүү эдийн засгийн болон
төлбөр тооцооны хүлээлттэй уялдаа зохицуулалттайгаар 45 жилийн турш хамтран үйл
ажиллагаагаа явуулж байгаа учраас Дорнод, Сүхбаатар зэрэг аймаг, тэдгээрийн бүх
сум аж ахуйн нэгж, хил хамгаалах анги заставуудыг найдвартай цахилгаан эрчим
хүч, нүүрс, дулаанаар хангаж ирлээ гэж Адуунчулууны уурхайн дарга Б.Шатар
хэллээ.
Адуунчулууны уурхай нь жилдээ 450 гаруй мянган тонн нүүрс олборлодог бөгөөд түүний бараг 90 гаруй хувийг Дорнодын ДЦС –д нийлүүлдэг ажээ. Цаашдаа нүүрсийг хийжүүлж, шатдаг хий гаргаж авахын зэрэгцээ үүнийгээ шингэрүүлж дизель түлш үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа талаар уурхайн дарга хэллээ.
Дорнодын ДЦС-ыг өргөтгөхдөө үндсэн тоног төхөөрөмжийг нь Адуунчулууны уурхайн нүүрсэнд тохируулж сонгохыг уурхайн удирдлага Эрчим хүчний сайд М.Сономпилээс хүслээ. Энэ нь нэг талаас Адуун чулууны нүүрсний орд газрын зарим хэсгийг лицензийг МАК компани эзэмшдэг учраас хожим Адуунчулуун ХХК-аас бус МАК-аас авдаг болчих вий гэсэн болгоомжлол байж болох юм. Тийм ч учраас уурхайн захирал хүсэлтдээ Адуунчулуун ХХК гэж нэр заахыг хүссэн юм. Үүнийг Эрчим хүчний сайд хүлээн авч “Тэртээ тэргүй аль ч талаас нь аваад үзсэн Адуунчулууны нүүрсийг сонгохгүй өөр яах билээ” гэж хэлсэн нь уулзалтад оролцогчдыг хөгжөөгөөд авав.