Азай буурлууд минь урт удаан наслаж
Ач буян нь үеийн үед дэлгэртүгэй
Архангай аймгийн хэмжээнд 89-өөс дээш настай 103 өндөр настан амьдардагийн дотор 100-аас дээш настай зургаан ахмад байна.
Ихтамир сумын Борт багийн иргэн 105 настай Д. Даржаа нь хамгийн өндөр настай буурай юм.
Удаах нь Эрдэнэбулган сумын II багийн иргэн Д. Гонгорсүрэн 103 настай бөгөөд ухаан цэлмэг, эрүүл саруул аж төрж байна.
Сар шинийн нэгэнд аймгийн Засаг дарга Д. Бат-Эрдэнэ, ахлах зөвлөх М. Батзориг, НХХ-ийн дарга Ш. Нямдаваа нар өндөр настан Д. Гонгорсүрэн гуайнд золгон МУ-ын Ерөнхийлөгчийн бэлэг, Засаг даргын гарын бэлэг сэлтийг уламжиллаа.
Тоглоом наргиантай, тун чиг шудрага Д. Гонгорсүрэн гуай аймгийн даргадаа зориулж эртнээс сархад хүртэл хадгалснаа хэлж, ерөөл магтаалын үгээр мялааж байлаа.
Мөн шинийн нэгэндээ удирдлагууд Эрдэнэбулган сумын өндөр настан П. Долгор гуайд золгон бэлгээ гардуулсан юм.
П. Долгор гуай хэзээний бие саруул, ухаан цэлмэг, алхаа гишгээ хөнгөн сайхан угтлаа. Тэрээр 96 насны хавартай золгож байгаа ажээ.
Сар шинийн босгон дээр аймгийн Засаг даргын орлогч М. Батжаргал Булган сумын азай буурлуудаар орж МУ-ын Ерөнхийлөгчийн бэлэг болоод Засаг даргын бэлэг мөн хувийн бэлгийг гардуулсан юм.
Булган сумын буурлууд сар шинийн босгон дээр өргөө гэрт нь зочлон очиж бэлгэ сэлт гардуулж буй сумынхаа уугуул, аймгийн Засаг даргын орлогчоо баярлан угтаж, талрхан үдэж байлаа.
Сүүдрий нь хүртэл тосч хайрламаар азай буурлууд минь төрийнхөө сүлдэнд сүүгээ өргөсөөр, мандах нарны шаргал туяа шигээ шижиртэн налайсаар үлдэх юм.
Сэтгэлдээ буяны өглөгтэй тэдэндээ шинэ сардаа зориод очих нь жаргалтай, Очноо гэж хэл дуулгаагүй байхад л өмөлзөн ороод ирэхийг тань хүлээж суугаа буурлууд минь
Ач буян нь үр хойчдоо дэлгэрч
Амар амгалан урт удаан наслаарай.