Эрчим хүчний яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн
газраас “Аймаг, сумын дулаан хангамжийн
одоогийн байдал, шинэчлэн сайжруулах санал” хэлэлцүүлгийг 2013 оны
10 дугаар сар 21-ний өдөр зохион байгуулав. Стратеги бодлого,
төлөвлөлтийн газраас салбарын аль нэг сэдвээр эрдэмтэн судлаачид,
мэргэжилтнүүдийг оролцууланхэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөөд ажиллаж
байгаагийн нэг нь энэ хэлэлцүүлэг юм.
“Аймаг, сумын дулаан хангамжийн одоогийн байдал, шинэчлэн сайжруулах санал” хэлэлцүүлэгт салбарын эрдэмтэн судлаачид, инженер техникийн ажилтнууд, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн 40 орчим төлөөлөл оролцож аймаг, орон нутгийн дулаан хангамжийн талаар саналаа солилцож ярилцсан нь орон нутгийн дулаан хангамжийн системийг сайжруулах талаар нилээд санал дэвшүүлсэн алдаа оноог үнэлж цэгнэсэн үр дүнтэй чухал хэлэлцүүлэг боллоо.
Хэлэлцүүлэгт оролцогсод халаалтын системийн технологийн шийдлийн талаар ялангуяа зуухнуудын сонголтыг тухайн орон нутгийн түлш, тухайлбал нүүрсний чанарт тохируулан зөв сонгох, эрчим хүчний хэмнэлттэй, үр ашигтай тоног төхөөрөмжүүдийг нутагшуулах, тэдгээрийг ажиллуулах мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэхийн чухлыг дурдлаа. Мөн сумдын дулаан хангамжийн системийг сумын төвийн барилга байгууламжийн нягтралаас хамааруулан төвлөрсөн байдлаар эсхүл хэт таруу бол бие даасан системүүдийг сонгох, халаалтын зуухнаас гадна хэрэглэгчийн халаах хэрэгслүүдийн шинэчлэлтийг давхар тооцож байх, инженерийн байгууламжийн зураг төсөл, экспертизийн чанарыг сайжруулахад онцгой анхаарах хэрэгтэй талаар харилцан ярилцав.
Орон нутгийн дулаан
хангамжийн хөрөнгө оруулалтыг дан ганц улсын төсвийн хөрөнгө оруулалтаар
шийдвэрлэх бус төр хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр хөрөнгө оруулалт,
ашиглалтын үйл ажиллагааг дэмжиж ажиллах, цаашдаа сум дундын эсхүл бүсчилсэн
хэлбэрийн засвар үйлчилгээний болон ашиглалтын компани байгуулах хэлбэрээр
ажиллавал үр дүнд хүрэх боломжтой, үүний тулд төрийн зүгээс зохистой боломжит
үнэ тарифаар дэмжиж ажиллах хэрэгтэй талаар ярилцан зөвлөлдлөө.