Сүхбаатар дүүргийн ЗДТГ, Онцгой байдлын хэлтэс, Боловсролын хэлтэс хамтран газар хөдлөлтийн гамшгийн бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор жил бүрийн 10 дугаар сарын 13-ны “Олон улсын гамшгийн эрсдэлийг бууруулах өдөр”-ийг угтаж олон ажил зохион байгуулдаг.
Энэ удаа 2013 онд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гамшгийн эрсдэлийг бууруулах жил” уриан дор Сүхбаатар дүүргийн 25, 29, 116 дугаар тусгай дунд сургуулиуд дээр газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах дадлага сургалт зохион байгууллаа.
Сургалтаар газар хөдлөлтийн гамшгийн аюулын тухай дохио өгч, зарлан мэдээллийг шуурхай хүргэх, анхан шатны арга хэмжээ (нуугд, суу, хүлээ), газар хөдлөлийн чичирхийллийн дараа хүүхдүүдийг аюулгүй талбайд гаргах (гүйхгүй, ярихгүй, буцахгүй, түлхэхгүй), орон тооны бус штабын үйл ажиллагаа буюу ангиудын хаягжилт, аюулгүй талбайд гаргасан бүртгэл хийх, бэртэж гэмтсэн сурагчдыг зөөвөрлөх, анхны тусламж үзүүлэх дадлага сургууль хийх, сургуулийн 2, 3 дугаар давхраас хөгжлийн бэрхшээлтэй сурагчдыг аврах үйл ажиллагаа, гал унтраах дадлага сургууль хийх гэсэн хөтөлбөрийн дагуу болж багш, сурагчид идэвхтэй оролцов.
Үйл ажиллагаанд нийт 450 гаруй сурагч, 188 багш ажилчид оролцсон бөгөөд сургалтын зорилго нь тус сургуулиудын Гамшгаас хамгаалах орон тооны бус штаб мэргэжлийн ангийн болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, гамшгийн үед авран хамгаалах, сэргээн босгох ажиллагааг явуулах талаар мэдлэг эзэмшүүлэхэд орших юм.