Монгол улсын Архивын ерөнхий газрын урилгаар БНСУ-ын Үндэсний архивын газрын мэргэжилтэн Ким Хо Гүн архивын баримтыг шинэ барилгад нүүлгэн шилжүүлэх БНСУ-ын архивын туршлагаас хуваалцахаар 2013 оны 09 дүгээр сарын 02-08 ны хооронд хүрэлцэн ирж Архивын ерөнхий газрын мэргэжил нэгтнүүдтэй уулзалт, ярилцлага зохион байгуулав. Хөтөлбөрийн дагуу Архивын ерөнхий газар, Үндэсний төв архивын үйл ажиллагаа болон Үндэсний архивын шинэ цогцолбор барилга баригдаж буй ажлын явцтай танилцсанаас гадна “БНСУ-ын архивын шинэ барилгад архивын баримтыг нүүлгэн шилжүүлсэн ажлын туршлага”, “Баримт бичгийг зөөвөрлөх, нүүлгэхэд тавигдах үндсэн шаардлага, нүүлгэлтийн төлөвлөгөө боловсруулах”, “Архивын баримтыг нүүлгэн шилжүүлэхэд ашиглах хайрцаг, сав, баглаа, боодол, автомашин, техник хэрэгсэл”, “Аудиовизуаль баримтыг аюулгүй байдлаар нүүлгэн шилжүүлэх технологи”, “Архивын баримтыг нүүлгэн шилжүүлэх үеийн нэгдсэн хяналт, хамгаалалт, аюулгүй байдлын баталгааг хангах”, “Архивын шинэ барилгын хадгаламжийн сангуудад баримтыг зөв байршуулах технологи” зэрэг сэдвээр танилцуулга хийв. Танилцуулга хийсэн сэдвийн дагуу Архивын ерөнхий газрын “Үндэсний архивыг шинэ барилгад нүүлгэн шилжүүлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангах, зохион байгуулах ажлын хэсэг”-ийн гишүүд болон Үндэсний төв архивын төвүүдийн эрхлэгч, ажилтнуудтай санал солилцож, яриа хийсэн нь бидэнд туршлага судлах, шинэ мэдээлэл авах боломжийг бүрдүүлснээрээ үр дүнтэй боллоо.