Иймд Монгол Улсын Засгийн газраас эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчилж, Монгол улсын иргэдийг эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулж, даатгуулагч бүр орлогын байдлаасаа үл хамааран аливаа санхүүгийн бэрхшээлгүйгээр, эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэх зорилт дэвшүүлж байна. Тиймээс энэ зорилтод хүрэхийн тулд эрүүл мэндийн даатгалын тогтолцоог эв санааны зарчим, засаглалын ил тод байдал, даатгуулагч төвтэй үйлчилгээ, тусламж, үйлчилгээний аюулгүй, найдвартай байдалд тулгуурлан ирэх 10 жилийн хугацаанд шинэ түвшинд гаргаж хөгжүүлэх зорилгоор энэхүү урт хугацааны хөгжлийн стратегийг боловсруулж, “Эрүүл мэндийн даатгалын хөгжлийн урт хугацааны стратеги 2013-2022” нэртэйгээр хэвлэн гаргалаа.
Энэхүү стратегид эрүүл мэндийн даатгалыг хөгжүүлэхэд эрүүл мэндийн даатгалын хамралт, орлого, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багц, түүний чанар ба худалдан авалт, засаглал, эрүүл мэндийн даатгалын байгууллага, хувийн даатгал гэсэн үндсэн 6 чиглэлээр стратегийн зорилтуудыг дэвшүүлсэн байна.
Өөрөөр хэлбэл даатгуулагч өөрөө даатгалын мөнгөө захиран зарцуулдаг, даатгалын үйл ажиллагаанд хяналт тавьдаг болох юм. Мөн иргэн бүрт эрүүл мэндийн даатгалын цахим карт олгож, эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрөө төлөх болон өөрийн өвчний түүхийн мэдээллийг хадгалах гэсэн үндсэн хоёр чиглэлээр ашиглах боломж бүрднэ гэж үзэж байгаа юм.
Ингэснээр эмнэлэгийн үйлчилгээ, эмч, ажилчдын иргэнд хандах хандлага өөрчлөгдөж, даатгалаа төлсөн хэрнээ хангалттай үйлчилгээ авч чаддаггүй, эмч, сувилагчаа гуйдаг буруу тогтолцоо арилж, эргээд даатгуулагчаа эрхэмлэн, хүндэтгэлтэй хандах нөхцөл бүрднэ. Энэ нь тухайн даатгуулагч эмнэлэгийн үйл ажиллагаа, эмч, ажиллагсдад дүн тавьдаг, өөрийн дураар эмнэлгийн үйлчилгээгээ сонгон үйлчлүүлэх боломжийг олгох зэрэг давуу талтай юм.