XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн шинийн нэгний өглөө 08:15 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал, Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар нар Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүллээ.
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар нар төрийн тэргүүний амар мэндийг эрэн, золголоо.

Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд уламжлал ёсоор төрийн хан хуурыг төрийн хан хуурч, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, ерөөлч, магтаалч Ц.Соёл-Эрдэнэ хөглөн татаж цэнгүүлэв. Гал морин жилдээ төр улс төвшин, түмэн олон амгалан жаргалантай байхыг бэлгэдэн "Морины явдал" аялгуу, "Төр түмэндээ өргөх айлтгал магтаал"-ыг хуурдан аялгууллаа.

Төрийн золголтод Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба, лхаарамба Д.Жавзандорж морилон ирж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий Сайд нарт бараалхан золгож, сар шинийн мэндийг айлтгасан юм.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал, Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар нар Төрийн ордны хүндэтгэлийн өргөөнд аж үйлдвэр, батлан хамгаалах, боловсрол, соёл урлаг, эрүүл мэнд зэрэг салбарын манлайлал болсон А.Цэрэв, Л.Адъяа, Ш.Гунгаадорж, А.Дулмаа, Ж.Хайдав, Н.Алиасүрэн, Ц.Дашдорж, Д.Должин, Ш.Дэлгэржаргал нарын ахмадуудад хүндэтгэл үзүүлэн золголоо.




