Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвд өнөөдөр (2026.01.02) ажиллаж, Эд нийцлийн лаборатори байгуулахад шаардлагатай хоёр тэрбум 20 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэлээ. Эд нийцлийн лаборатори нь донор ба өвчтөний эдийн тохироо хоорондын нийцлийг шалгаж, тохирсон эсэхийг үнэлэн, эрхтэн шилжүүлсний дараа гарах хүндрэлийг урьдчилан тооцоолох, эмчилгээний үр дүнг үнэлэх зэрэг чухал ач холбогдолтой юм. Тус лабораторид хэрэглэгдэх тоног төхөөрөмжүүдийг хавдрын оношилгоо, эмчилгээнд давхар ашиглах бөгөөд генийн түвшинд хавдрыг эрт илрүүлэхэд тустай юм байна.

Эд нийцлийн лабораторитой болсноор Улсын хоёрдугаар эмнэлэг энэ онд элэг, бөөр шилжүүлэн суулгах хагалгааны эд нийцлийг эмнэлэг дээрээ хийж, улсын хэмжээнд эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны хүлээгдлийг бууруулах боломж бодитоор бүрдэж байна. Энэ онд тус эмнэлэг элэг шилжүүлэн суулгах 10, бөөр шилжүүлэн суулгах таван хагалгаа хийхээр төлөвлөөд байсан бол Эд нийцлийн лабораторитой болсноор эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын тоог нэмэгдүүлэх боломж бүрдлээ.
Манай улсад эртхэн шилжүүлэн суулгах өвчтөний жагсаалтад бөөрний өвчлөл нэгдүгээрт орж байна. Эрхтэн шилжүүлэн суулгах хүлээх жагсаалтад нийт 1094 өвчтөн байгаагаас бөөр солиулах 683, элэг солиулах 182 өвчтөн байна. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны 2023 оны тайланд жил бүр 250 гаруй хүн бөөр шилжүүлэн суулгах эмчилгээнд орох шаардлагатай гэж оношлогдон, хүлээх жагсаалтад орж хүлээдэг байна.

Эрүүл мэндийн яам болон ДЭМБ-ын хамтарсан үнэлгээний тайланд Монгол Улсад бөөрний архаг өвчний ямар нэг хэлбэртэй 100.000- 120.000 хүн байж болзошгүй талаар тусгажээ. Жилд ойролцоогоор 1300-1500 хүн шинээр гемодиализийн эмчилгээнд орж, 1000-1200 хүн бөөрний архаг дутагдал өвчнөөр оношлогддог. Бөөрний архаг дутагдалтай иргэдийн 60 хувь нь гемодиализийн аппаратад орох эсвэл бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай болж байна. Бөөрний архаг дутагдал оноштой хүний тоо жил ирэх бүр нэмэгдэж, нас баралт буурахгүй байгаа нь анхаарал татаж, бөөр шилжүүлэн суулгах эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг эмч мэргэжилтнүүд тайлбарлаж байна.



