Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойн энэ Хил хамгаалах ерөнхий газарт ажиллаж, хилийн цэргийн бэлэн байдалд шалгалт хийлээ.
Хил хамгаалах ерөнхий газар Удирдлагын нэгдсэн төвийг төсвийн хөрөнгө оруулалтаар байгуулж, 2024 оноос ашиглаж эхэлжээ. 2025 онд ХЗДХ-ийн сайдын тушаалаар бүтэц, орон тоог нь албажуулжээ.
Дэвшилтэт технологид суурилсан удирдлагын нэгдсэн төв нь олон улсын жишигт нийцсэн С5 зэрэглэлийнх. Уг төвд хилийн бүх боомт болон хилийн хэсгүүдийг холбож, хяналт, удирдлагаар ханган ажиллаж байна. Ингэхдээ хил хамгаалах салбарын хэмжээнд бие даасан, хаалттай сүлжээний дэд бүтэц байгуулжээ.

Хяналт, удирдлагын тогтолцоо сайжирч, хил хамгаалах ажлын үр дүнд ч эергээр нөлөөлж буйг Ерөнхий сайдад илтгэв. Тухайлбал, хил дээр гарсан хэрэг зөрчил өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ онд 79 хувиар буурчээ. Мөн цаг агаарын аюулт үзэгдэл, бусад учир шалтгааны улмаас ард иргэдэд учирч болох байсан 13 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилж сэргийлж чаджээ.
Хойд хилийг хянан баталгаажуулах ажил 86 хувьтай үргэлжилж байгааг ХХЕГ танилцуулаад зарим хэсэгт байгалийн бартаа саад ихтэй тул техник хэрэгсэл болон төсвийн дэмжлэг үзүүлэхийг Засгийн газраас хүслээ. Мөн ирэх жил урд хилийг хянан баталгаажуулах ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Засгийн газар хилчдийнхээ нийгмийн баталгаа, ахуй амьдралыг дэмжиж анхаарч ажиллана. Ялангуяа,орон сууцжуулах асуудалд онцгой анхаарна гэж Ерөнхий сайд Г.Занданшатар хэллээ. Ирж буй 2026 онхил хамгаалах салбарт технологийн дэвшлийг эрчимтэй нэвтрүүлсэн жил болох учиртай. Энэ тал дээр шинэ санаа, санаачилга гаргаж ажиллахаа Ерөнхий сайд илэрхийлээд ирэх оны төсөвт хилийн цэргийн салбарт 30 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шийдэгдэнэ гэлээ.
Гэнэтийн шалгалтад бэлэн байдлаа бүрэн харуулсанд Ерөнхий сайд талархал илэрхийлээд бэлэн байдалд ОНЦ үнэлгээ өгч байна гэлээ.
Ерөнхий сайд ”Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны өдрөөр хилчидтэйгээ уулзаж байгаадаа талархалтай байна. Нийт хилчид болон хилийн зурваст алба хааж буй хилчин дайчдад алба хаагч та бүхнээр дамжуулан баярын мэнд хүргэе” гэлээ.






