Улсын онцгой комиссын III хуралдаан боллоо. Хуралдаанаар хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, цаг уур орчны шинжилгээний мэдээлэл болон бусад асуудлаар хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.
Гангийн зураглалаас үзэхэд Увс, Баян-Өлгий, Ховд, Дархан-Уул аймгийн ихэнх, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Төв, Сэлэнгэ аймгийн зарим сумдад гантай болон гандуу байна. Бэлчээрийн ургамлын гарц, гангийн зураглалын мэдээллээс харахад 2025-2026 оны өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байна.
Өнөөдрийн байдлаар 77.68 сая мал бэлчээрлэж байгаагаас 2025 онд дотоодын хэрэгцээнд 7.0, зах зээлд 13.0 сая толгой мал худалдан борлуулж, хонин толгойд шилжүүлснээр 100 орчим сая мал өвөлжүүлж, хаваржуулахаар тооцож бэлтгэл ханган ажиллаж байгааг ХХААХҮЯ мэдээллээ.
Улсын хэмжээнд 2025 онд 554.2 мянган га талбайд тариалалт хийсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.4 хувиар бага байна. Тариалангийн бүсэд тав, зургаа, долоодугаар сард хур тунадас багатай, хэт халалт олон хоногоор үргэлжилсэн учраас ургац олон жилийн дунджаас буурах төлөв ажиглагдаж, холбогдох мэргэжилтнүүд тооцоо судалгаанд үндэслэн өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг ханган ажиллаж байгааг танилцууллаа.
2025 оны наймдугаар сарын 11-ний байдлаар дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглол болох 69 зуухнаас ажилд 27, бэлтгэлд 18 байгаа бөгөөд 24 зууханд засварын ажил хийгдэж байна.
2025-2026 оны өвлийн их ачааллын горим ажиллагааны үед оргил ачааллыг арванхоёрдугаар сард 1800 МВт хүрэх тооцоолол гарсан. Үүнийг дотоодын эх үүсвэрүүдээс 1197 МВт, батерей хуримтлуураас 160 МВт, салхин станцаас 30 МВт, импортоор 300 МВт тус тус хангаж, 113 МВт чадлын хөнгөлөлт хязгаарлалт хийхээр байна. Бөөрөлжүүтийн ЦС-ийн 150 МВт хүчин чадалтай 2-р блокыг арванхоёрдугаар сард ажиллагаанд залгахаар төлөвлөсөн, тус станц ашиглалтад орсноор хязгаарлалт хийгдэхгүй гэж Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээллээ.
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан дараах үүрэг чиглэлийг холбогдох албаныханд өглөө.
-Нийслэл, аймаг, сум, дүүргийн Засаг дарга нар өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдлаа эртнээс базаах, нарийвчилсан төлөвлөгөө гарган шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг 2025 оны есдүгээр сарын 15-ны өдрийн дотор бүх шатанд авч хэрэгжүүлэх;
-Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг тогтоосон хугацаанд хийж гүйцэтгэх, хариуцсан салбар, орон нутгийн хэмжээнд эрсдэлийн үнэлгээ хийх, үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
-Холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргаж буй бэлчээрийн даац, ган, зудын эрсдэлийн үнэлгээ, хүйтний улирлын цаг агаарын төлөв байдал болон болзошгүй эрсдэлийн зарлан мэдээллийг ард иргэдэд тогтмол шуурхай хүргэх;
-Өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүх шатанд хангах, аймаг, сумын аюулгүйн нөөцөд өвс, тэжээл бэлтгэх ажлыг шуурхай зохион байгуулах, зуншлага тааруу хадлан бэлтгэх боломжгүй аймаг, сумдыг бусад аймаг, орон нутгаас өвс тэжээл бэлтгэх, худалдан авах боломжоор хангах холбогдох зохицуулалтыг 2025 оны есдүгээр сарын 15-ны дотор хийж гүйцэтгэх;
-2025-2026 оны өвөл, хавар отор, нүүдэл хийх малчдын судалгаа, оторлох малын тоо, толгойг аймаг, орон нутгаар нэгтгэн гаргах, холбогдох зохион байгуулалтыг нарийвчлан хийж гүйцэтгүүлэх, урьдчилсан тооцоо судалгааг 2025 оны есдүгээр сарын 01-ний дотор Улсын онцгой комисст танилцуулах;
-Мал, махны экспортыг нэмэгдүүлэх, дотоодын хэрэгцээг хангах, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
-Өвс, малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх, бэлчээрийн өвс, байгалийн хадлан бэлтгэж экспортлохыг хориглох, импортыг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох зохион байгуулалтын арга хэмжээг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй хамтран авч хэрэгжүүлэх;
-Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн хадлангийн бүс нутгийг хамгаалах, нөхөн сэргээхэд анхаарах, ой хээрийн түймэрт их өртдөг талбайн судалгааг гаргаж, холбогдох зохицуулалтыг хийх;
-Эрчим хүч, дулааны эх үүсвэрүүдийн хэвийн найдвартай үйл ажиллагааг хангах түлш, нүүрсний нөөцийг шаардлагатай хэмжээнд бүрдүүлэх, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах, эрсдэлийг тооцоолж авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөлт хийж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах;
-Улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой хэмжээнд хангах, хомсдол үүсгэхгүй байхад анхаарах, зохиомол үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх, худал мэдээлэл түгээж олон нийтийг төөрөгдөлд оруулахгүй байх зэрэгт анхаарч зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах;
-Эрчим хүч, дулааны эх үүсвэрүүдийн нүүрсний нийлүүлэлтийг хангаж байгаа “Багануур”, “Шарын гол”, “Шивээ Овоо” болон орон нутгийн нүүрсний уурхайн хэвийн тасралтгүй үйл ажиллагааг хангах, түлш, шатахууны нөөцийг бүрдүүлэх, эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг тогтоосон хугацаанд хангуулах;
-Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг тогтоосон хугацаанд хийж гүйцэтгэх, хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай нөөцийг бүрдүүлэх зэрэг үүрэг чиглэл өглөө.