2013 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 11.30 минутанд Архивын ерөнхий газраас Монгол-Ньюс хэвлэл мэдээллийн төвд “Ажилласан жил болон тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль” –ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Төрийн архивуудаас өгч байгаа лавлагаа, мэдээллийн талаар хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Энэ хэвлэлийн бага хурал дээр Архивын ерөнхий газрын дарга И.Саруул дараах мэдэгдэл хийв.
2012 оны 09 дүгээр сард батлагдаж энэ хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Төрийн архивуудаас лавлагаа мэдээллээр үйлчлэх ажил өнгөрсөн оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхэлсэн.
Тухайн хүний ажилд орсон тушаал, шийдвэр хөдөлмөрийн дэвтэрт нь бичигдээгүй тохиолдолд ажилд орсон тушаалын лавлагааг гаргах, мөн ажилласанг тодорхойлох боломжгүйг тодорхойлсон лавлагаагаар үйлчилж байна.
Хуулийн хугацаа 2013 оны 08 дугаар сарын 01-нд дуусна. Энэ бол төрөөс иргэн танд олгож байгаа боломж бөгөөд Архивын ерөнхий газар өгөгдсөн үүргийн дагуу архивын лавлагаагаар хөнгөн шуурхай, хүртээмжтэй үйлчилэхэд анхаарч ажиллаж байна. Хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс хойш Үндэсний төв архиваас 2013 оны 07 дугаар сарын 15-ны байдлаар нийт 11336 хүнд үйлчилсэнээс 15799 тушаалын лавлагаа, 942 цалингийн лавлагаа гарсан байна. Эдгээр лавлагааг гаргахын тулд манай архивын 94303 хадгаламжийн нэгжийг ашигласан бөгөөд сонирхуулахад архивын 1 хадгаламжийн нэгж нь 250 хуудастай байдаг.
Үндэсний төв архиваас өнгөрсөн оны 12 дугаар сард 100, 2013 оны 04 дүгээр сард 150, 07 дугаар сарын 15-наас 250 орчим иргэн лавлагаа авч ачаалал нэмэгдэж байна. 21 аймгийн архивын тасаг, Нийслэлийн архивын газар ч мөн ачаалалтай ажиллаж байна.
Үүнтэй уялдуулан Архивын ерөнхий газраас 2 удаа зохион байгуулалтын арга хэмжээ авч Үндэсний төв архивт 03 дугаар сарын 15-аас 20 архивч, 07 дугаар сарын 15-аас 30 архивч зөвхөн энэ чиглэлээр ажиллаж байна.
Үндэсний төв архивт 343 байгууллагын баримт хадгалагдаж байгааг мэдээллийн самбарт байршуулж, архивын баримт нь шилжиж ирээгүй байгууллагын талаар манай архивчид тухайн иргэнд мэдээлэл өгч холбогдох тодорхойлолтыг гарган үйлчилж байна.
Иргэд төрөөс Архивын лавлагаа авахдаа дараах зүйлд анхаарахыг зөвлөе.
1. Тухайн хүн лавлагаа авах хүсэлт гаргахдаа хэдэн оны, хэдэн сард, аль байгууллагын ямар хэлтэс нэгжид ямар албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөнөө тодорхой бичих.
2. Цалингийн баримтаас лавлагаа гаргуулахдаа танай дүүргийн нийгмийн даатгалын байцаагчийн зөвлөсний дагуу сонгосон 5 жилийн баримтаас лавлагаа гаргуулах бөгөөд тэр нь тодорхой байх шаардлагатай.
3. Тухайн иргэний хүсэлтэд дурьдсан байгууллагын баримт төрийн архивт шилжиж ирээгүй буюу, ирсэн ч баримт дутуу, өөрт нь хамааралтай баримт байхгүй тохиолдол гардагийг ойлгон архивчдад хүндрэл учруулахгүй байх, цөөн хоног үлдсэн тул яаравчлахыг зөвлөж байна.
Хуулийн хугацаа дуусах дөхөж байгаатай холбогдуулан Үндэсний төв архив 2013 оны 07 дугаар сарын 20-ны бямба, 21-ны ням гарагт ажлын цагаар ажиллаж иргэдэд үйлчлэх болсныг олон нийтэд мэдээллэв.