Өвөлжилтийн бэлтгэлийг хангах Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэвээр ахлуулсан ажлын хэсэг Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ ХК-ний Зүүн өмнөд бүсийн салбарт ажилалаа. Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ ХК-ний Зүүн өмнөд бүсийн салбар 7 аймгийн 63 сум суурин газрыг эрчим хүчээр хангаж байна. Сүүлийн жилүүдэд Багануур дүүрэгт жижиг дунд үйлдвэр хөгжиж, Улаанбаатар хотоос ган төмөрлөг боловсруулах томоохон үйлдвэр нүүж ирснээр эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байна. Үүнтэй холбогдуулан 16 мегватт-ын трансформаторыг ашиглалтад оруулсан ажээ.
Өвөлжилтийн бэлтгэлийг хангахын тулд их засварт 14 ажил төлөвлөснөөс 42 хувийн биелэлттэй, урсгал засварын ажилд 305 ажил төлөвлөснөөс 65 хувийн биелэлттэй байгаа ажээ.
Дашрамд дурдахад тус компаний хувьд цахилгаанчин, монтёр гэх мэргэжилтэй ажилтны хүрэлцээ дутмаг, тэдний цалин хөлс, шагнал урамшуулал хангалтгүй, ажлын нөхцөл хүнд, тогтвор суурьшил муу байгаа зэргээс нэлээд хүндрэл гарах төлөвтэй байгааг удирдлагууд нь хэлж байлаа. Иймд компаний зүгээс өөрсдөө мэргэжилтэй ажилтнаа бэлтгэхийн тулд сургалтын төв байгуулахаар зорьж эхний ээлжинд сургалтанд зориулж 110 квт-ын дэд станц, хуваарилах байгууламж зэргийг байгуулж, сургалтын анги танхимыг тохижуулаад байгаа ажээ. Зарим нэг зүйлс нь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд ч байхгүй учраас хол ойроос мэргэжлийн хүмүүс ирж сонирхож, санал хүсэлт тавьж, захиалга хүртэл өгөөд эхэлсэн гэнэ.