Архивын ерөнхий газрын Шинэчлэлийн бодлого, Стратеги төлөвлөгөөний дагуу
олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилтын хүрээнд Архивын
ерөнхий газрын Тамгын газрын Ахлах мэргэжилтэн Б.Алтанцэцэг, Мэргэжил
арга зүйн удирдлагын газрын мэргэжилтэн Б.Отгонбаяр, Үндэсний төв
архивын Түүхийн баримтын төвийн эрхлэгч М.Байгалмаа, Лавлагаа мэдээллийн
төвийн эрхлэгч Ү.Дэлгэрмаа, Дархан-уул аймгийн архивын тасгийн сан
хөмрөгч Н.Оюунбилэг, архивч Э.Сарантунгалаг, Э.Саранцацрал нарын
бүрэлдэхүүнтэй баг 2013 оны 06 сарын 25-30-ны өдрүүдэд ОХУ-ын Эрхүү
мужийн архивын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа.
Эрхүү
мужийн архивын удирдах газрын дарга Овчинников Сергей Геннадьевич
бидэнтэй уулзаж, дараах архивуудын үйл ажиллагаатай танилцах боломжийг
олгосон юм. Үүнд:
1. Эрхүү мужийн Улсын архив
2. Эрхүү мужийн Нэн шинэ түүхийн архив
3. Эрхүү мужийн Хувь хүний холбогдолтой баримтын архив
4. Эрхүү мужийн Усолье-Сибирск хотын архив
Эдгээр
архивын тоо бүртгэл хөтлөлтийн зохион байгуулалт /хөмрөгийн жагсаалт,
данс бүртгэл/, баримт мэдээллийг цахимд шилжүүлж байгаа байдал, баримтын
хадгалалт хамгаалалтын нөхцөл, архивыг нүүлгэн шилжүүлэх ажлын
туршлага, тусгай төрлийн, ялангуяа кино, гэрэл зургийн баримтын нөхөн
бүрдүүлэлт, хадгалалт хамгаалалтын байдал зэрэг асуудалд бид анхаарлаа
хандуулсан болно.
Эрхүү мужийн нэн шинэ түүхийн архив нь Намын
хорооны архивын суурин дээр байгуулагдсан. 1975 онд шинэ байранд орсон.
Одоо 132000 хадгаламжийн нэгж баримт хадгалагдаж байна.
1991 оноос
намын үйл ажиллагааг зогсоож, улсын архивын тогтолцоонд хамрагдах
болсон. 2008 оноос одоогийн нэрээр “Нэн шинэ түүхийн архив” гэж
нэрлэгджээ. Анх намын байгууллагуудын 212 хөмрөгийн 50000 хадгаламжийн
нэгжтэй байсан бол тус архивт 1991 оноос хойш олон нийтийн байгууллагууд
/Үйлдвэрчний эвлэл, Залуучуудын байгууллага зэрэг/-ын баримтыг
шилжүүлэн хадгалах болсноор одоо 700000 гаруй хадгаламжийн нэгжтэй
болсон. Байнга баримт шилжүүлдэг 42 хөмрөг үүсгэгчтэй.
1996 оноос
өмнө хадгалагдаж байсан баримтуудыг олон нийтийн хүртээл болгох,
ашиглалтын хязгаартай байсан Ерөнхийлөгчийн зарлиг зэрэг нэр төрлийн
баримтуудыг ил болгох ажил явагдаж байна. Тухайлбал, 120000 хадгаламжийн
нэгж баримтаас 35000-ыг ил болгосон байна.
Эрхүү мужийн Хувь хүний холбогдолтой баримтын архив нь Байгууллагын
удирдлагын үйл ажиллагааны явцад үүссэн баримтаас хувь хүнд холбогдох
баримтыг ашиглуулах, эрэлт хайлтыг шуурхай болгох зорилгоор
байгуулагдсан, тодорхой цөөн нэр төрлийн баримт хадгалдаг байна.. Үүнд,
даргын “Б” тушаал, ажилтнуудын хувийн хэрэг, карт, шагналын холбогдолтой
баримт, бүртгэлүүд гэх мэт.
Эрхүү мужийн Усолье-Сибирск хотын
архив нь мужийн тэргүүний архив бөгөөд ОХУ-ын Архивын салбарын хэмжээнд
зарласан уралдаанд тогтмол амжилттай оролцдог архив юм. Архивын баримтын
хадгалалт хамгаалалт, ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл, тавиур шүүгээний
хангалт онцгой анхаарал татсан. Тус архивын үйл ажиллагааны талаар
дэлгэрэнгүй өгүүлсэн CD танилцуулга авчирсан.
Эрхүү мужийн архивуудын талаар товч дүгнэхэд, хадгалалт хамгаалалтын нөхцөл маш сайн, үйл ажиллагаа нь тогтмолжиж хэвшсэн байна.
Манай
архивтай харьцуулахад хадгаламжийн нэгжийг хэвтээ байдлаар, нэг
хайрцагт 4-6 хадгаламжийн нэгж хийж хадгалдаг, хайрцагны нүүрэнд хөмрөг,
данс, хадгаламжийн нэгжийн дугаарыг тодорхой бичдэг, хадгаламжийн санд
ганц ч ил баримт байхгүй, тоос шороогүй, ажилтнуудын ажиллах нөхцөл
бүрэн бүрдсэн байсан нь онцлог байв.
АЕГ-аас явсан баг дээрх
архивуудын үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцаж, туршлага солилцсоноос
гадна манай үйл ажиллагаанд туршлага болох Архивын хөмрөгийн тойм,
Түүхчилсэн лавлах, Баримт бичгийн эмхтгэл, 2012, 2013 онд архиваас
бэлтгэн гаргасан тэмдэглэлт үйл явдлын хуанли, Сэлбэн засах ажлын
нормчлол зэрэг 14 нэр төрлийн гарын авлага авчирч Уншлагын танхимд
шилжүүлсэн ба хадгаламжийн нэгж хийх хайрцагны загварыг авчирсан болно.
Энэ удаагийн туршлага судлах ажил амжилттай болсон ба цаашид 2 улсын архивын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ОХУ-ын Бүх Оросын архив, албан хэрэг хөтлөлтийн эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэнгээс гаргасан архив албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд холбогдох гарын авлага, арга зүйн баримт бичгүүдийн өөрийн нөхцөлд тохируулан хэрэгжүүлэх нь зүйтэй ба төрийн бусад архив, орон нутгийн архивын ажилтнуудыг гадаад орнуудад туршлага судлуулах ажиллагаанд оролцуулж байх нь үр дүнгээ өгөх нь дамжиггүй.