Шинэ төрлийн коронавирүсийн голомттой бүс буюу БНХАУ-ын Ухань хотод сурч байсан оюутнууд өнөөдөр эх орондоо ирлээ. Тусгай үүргийн онгоцыг Улаанбаатараас нисэх, эргэн газардах бүхий л цаг үед МХЕГ болон Буянт-Ухаа боомт дахь ХМХА, чиг үүргийн бусад байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллав. Тусгай үүргийн онгоц 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 23:00 цагт Ухань хот руу нисэж, өнөөдөр өглөөний 10:19 минутад Улаанбаатарт газардсан. Агаарын хөлгийг КОД 9 зарчмын дагуу тусгай хамгаалалтын ариун цэврийн талбайд буулгаж, нийт зорчигчдын эрүүл мэндийн талаар нислэгийн багаас мэдээ авч, эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээг хийж, халдвараас сэргийлэх дэглэмийн дагуу халдвартай /улаан/, завсрын /шар/, халдваргүй /ногоон/ бүсүүдийг тогтоон, үзлэг хяналт шалгалтыг зохион байгуулав. МИАТ ХК-ийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 31 зорчигч болон нислэгийн экипажийн бүрэлдэхүүн, тандалт хийсэн эмч нар зэрэг нийт дөч гаруй хүнийг хүлээн авахад МХЕГ-аас өгсөн чиглэлийн дагуу Буянт-Ухаа боомт дахь ХМХА-аас эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын /ахлах/ байцаагч, ариутгалын мэргэжилтнээс бүрдсэн 10 орчим хүнтэй баг хяналт шалгалтыг гүйцэтгэлээ. Ухань хотоос ирсэн 31 зорчигчийг хоёр автобусанд маск зүүлгэн эрэмблэн суулгаж, ЗӨСҮТ-ээр ачаа тээш болон автобусыг халдваргүйжүүлж, цагдаагийн байгууллагын хамгаалалт дор ХӨСҮТ-д шилжүүллээ. Экипажийн бүрэлдэхүүнийг онгоцоос буух үед улаан бүсэд хувийн хамгаалах хувцсыг дэглэмийн дагуу тайлуулж, хоолой, ам, гарыг ариутган, завсрын бүсэд хувцсыг нь өмсүүлж, тусгайлан бэлтгэсэн жижиг тэргээр ХӨСҮТ-д шилжүүлэв. Мөн хамтран ажилласан хил хамгаалахын болон техникийн ажилчид, ХӨСҮТ-д шилжүүлэх үйл ажиллагаанд оролцсон багийн бүрэлдэхүүнд халдвараас сэргийлэх дэглэмийг сахих талаар зөвлөмж өгч, хувийн хамгаалах хэрэгслээр ханган ажиллав.
Дээрх үйл ажиллагаанд хяналт тавих, арга зүйгээр хангах зорилгоор МХЕГ-ын удирдлага, холбогдох хяналтын газруудаас газар дээр нь ажилласан ба Шадар сайдын 08 тоот тушаалын дагуу салбар хоорондын байгууллагууд харилцаа холбоогоо нягт уялдуулан, шуурхай ажилласан юм.