ОХУ-ын
Москва хот дахь Монголын элчин сайдын яамаар дамжуулан Санкт Петербург хотод
байрлалтай “Бюро Веритась Русь” ХК-ийн “Регион Север Запад” лабораторид Таван
толгой түлш ХХК-ийн үйлдвэрлэсэн сайжруулсан шахмал түлшийг шинжлүүлэхээр
явуулсан. Онцгой Байдлын Ерөнхий газарт 2019 оны 10.25-ны өдөр сайжруулсан
шахмал түлшний шинжилгээний хариуг битүүмжлэн ирүүллээ.
Тус лаборатори нь шахмал түлшинд техникийн шинжилгээ, элементийн шинжилгээ,
чөлөөт хөөлтийн индекс, химийн найрлага зэрэг үзүүлэлтүүдийг шинжилжээ.
Техникийн шинжилгээний дүнгээр чийглэг 10-аас доош байх ёстой бөгөөд 2,4 хувь,
үнслэг нь 29-иас ихгүй байх ёстойгоос 22.2, дэгдэмхий байдал 22 хувиас ихгүй
байх бөгөөд 19,6 хувь, хүхэр 1 хувиас доош байх бөгөөд 0,89 хувь, илчлэг 4200
kkал-аас багагүй байх ёстойгоос 6374 байна. Мөн нүүрсний коксжих үзүүлэлтийн
зэргийг хэмжихэд чөлөөт хөөлтийн зэрэг 1 гэсэн үзүүлэлттэй гарсан нь коксжих
зэрэг бага эрчим хүчний нүүрс болохыг илтгэж байна. Ийм үзүүлэлттэй нүүрсийг
ахуйн хэрэгцээнд хэрэглэж болох юм. Химийн найрлагыг хэмжихэд цахиурын исэл
/кварц/, хөнгөн цагааны оксид,төмрийн /III/ оксид, кальцийн оксид, магнийн оксид, натрийн
оксид, калийн оксид, титаны оксид, Фосфорын оксид, манганийн оксид, хүхрийн оксид
зэрэг газрын гадаргад /шавар, шохой зэрэг/ оршин байдаг элементүүд бүрдүүлж
байгааг тодорхойлжээ. Иймд ОХУ-ын лабораторид хийлгэсэн шахмал түлшний техникийн шинжилгээний үзүүлэлт нь
"Сайжруулсан хатуу түлш 5679:2019" стандартын шаардлага хангаж
байгааг илтгэлээ. Өөрөөр хэлбэл Монгол улсын 3 лабораторид шинжлүүлсэн
шинжилгээний дүнг бататгажээ. Сайжруулсан
түлшийг шинжлүүлэхээр Япон, Хятад, Солонгос улсуудад дээж явуулсан бөгөөд
шинжилгээний хариу ирээгүй байна гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас
мэдээллээ.