ХАХНХЯ, МУШУТИС, Солонгосын Сүншил их сургуультай хамтран “Монгол улсын нийгмийн хамгааллын бодлого ба цаашдын зорилт” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2013 оны 7 дугаар сарын 4-ны өдөр зохион байгууллаа. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлыг Солонгосын Сүншил их сургуультай хамтран зохион байгуулсан нь нийгмийн хамгааллын салбар тэр дундаа халамжийн чиглэлээр хоёр улсын баримталж буй бодлогын талаар харилцан туршлага солилцох, санал бодлоо хуваалцах боломж бүрдүүлж чадсан байна.
Сүншил их сургуулийн дэд захирал, Солонгосын удирдлагын ухааны нийгэмлэгийн тэргүүн доктор Жон Мү Сон “БНСУ-ын Нийгмийн халамжийн тогтолцооны өнөөгийн байдал” сэдвээр илтгэл тавьсан бол ХАХНХЯ-ны Халамжийн албаны дарга Ю.Отгонбилэг Монгол Улсын нийгмийн халамжийн тогтолцооны өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийсэн.
Манай улсын хувьд нийгмийн халамжийн тогтолцоог шинэчлэх зайлшгүй шаардлага байгаа юм. Учир нь нийгмийн халамж үйлчилгээг хүртэх зорилтод бүлгийг зөв тодорхойлж чадаагүй, одоо олгож буй халамжийн үйлчилгээ өрхийн амжиргааны түвшин болон ядуурал, тэгш бус байдлыг бууруулахад нөлөөлөл үзүүлж чаддаггүй зэрэг шалтгаан байдаг байна. Тиймээс нийгмийн халамжийн шинэчлэлийн хөтөлбөрийг боловсруулж, халамжийн тогтолцоог өөрчлөх хэрэгтэй гэж үзжээ.
Энэхүү шинэчлэлийг хийхийн тулд нэн тэргүүнд зорилтод бүлгийг тодорхойлох, нийгмийн халамжийн үйлчилгээг төрөлжүүлж, мэргэжлийн болгох, хүнд суртлыг арилгах, шат дамжлагыг багасгах ажлыг зохион байгуулах хэрэгтэй гэдгийг онцолж байв. Түүнчлэн нийгмийн халамжийн үйлчилгээг нэг дороос цогцоор нь авах төвүүдийг нээн ажиллуулах нь хамгийн оновчтой арга гэдгийг ч хэлж байлаа.
“Монгол улсын нийгмийн хамгааллын бодлого ба цаашдын зорилт” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулагдсан нь цаашид нийгмийн халамжийн чиглэлээр баритлах бодлого, хөтөлбөртөө олон улсын жишиг, туршлагыг ашиглах, нэвтрүүлэх, боловсон хүчний чадавхийг сайжруулахад хамтран ажиллах үр дүнг бий болгож байгаагаараа ач холбогдолтой болсон байна.