ТББ, иргэдээс Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газарт ирүүлсэн өргөдөл гомдлын дагуу тус аймгийн Эрдэнэцагаан суманд үйл ажиллагаа явуулж буй “АДАЭ” ХХК, “Петроматад” ХХК, Уулбаян суманд үйл ажиллагаа явуулж буй “Ширээ уужим орд” ХХК-д мэргэжлийн хяналтын байгууллагаас гомдол гаргасан ТББ, иргэдийн төлөөллийг байлцуулан хяналт шалгалт хийв.
Шалгалтаар “АДАЭ” ХХК нь энэ оны 06 дугаар сараас үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд уурхайн шүүрлээс гарсан усыг зайлуулах, суваг, шуудуу татах, уурхайн үйл ажиллагаанд ус ашиглах дүгнэлт, ус ашиглах зөвшөөрөл аваагүй, ус авах цэгт тоолуур байршуулаагүй, ус ашигласны төлбөр төлөөгүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээгээр тавигдсан нөхцөл шаардлагыг биелүүлээгүй зөрчил илэрсэн. Иймд холбогдох тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэг үүсгэн улсын байцаагчийн акт, Прокурорын тогтоолоор 2019 оны 08 сарын 12-ны өдрөөс ус ашиглалтын үйл ажиллагааг зогсоож, зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.
“Петроматад” ХХК нь газрын тосны хайгуул хийх тусгай зөвшөөрөлтэйгөөр 7 дугаар сараас үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд ТББ, иргэдийн төлөөллийг оролцуулан хяналт шалгалт хийж, зарим зөвшөөрөл, бичиг баримтийг үргэлжүүлэн шалгаж байна. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 4 дүгээр багийн иргэдийн нийтийн хурлын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 15 дугаартай хуралдааны тэмдэглэл, тогтоолыг хуурамчаар үйлдэгдсэн талаарх иргэдийн гомдлыг хүлээн авч харьяалал тогтоон шалгуулахаар Сүхбаатар аймгийн Прокурорын газарт албан бичгээр хүргүүллээ.
Мөн Уулбаян сумын 1-р багийн нутагт ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Шинэ уужим орд” ХХК дээр хяналт шалгалт хийж, ТББ, иргэдийн оролцоотой уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулав. Тус компани нь дотоод хяналтын журам баталж мөрдөөгүй, дотоод хяналтын ажилтан томилоогүй байсан зөрчилд торгуулийн арга хэмжээ авч хог хаягдлын цэг тогтоох, зөөвөрлөх талаар сумын ЗДТГ-тай гэрээ байгуулан хамтран ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.