Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингийн ивээл дор “Цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, ослын үед үзүүлэх эмнэлгийн яаралтай тусламж” сэдэвт үндэсний сургалт энэ сарын 13-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Шадар сайд Ө.Энхтүвшин сургалтыг нээж үг хэлэхдээ “Монголын анагаах ухааны салбарт цөмийн технологи ашигласан оношилгоо эмчилгээний олон аргууд нэвтэрч, олон мянган хүний амь насыг аварч, энэ хэрээр шинэ технологийн хэрэглээ нэвтэрч, эмч мэргэжилтнүүдийн мэдлэг боловсрол, чадавх сайжирч байна. Гэхдээ онцгой ач холбогдол бүхий энэ салбарын цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын асуудал чухал юм” хэмээн онцлон хэлэв.
2011 онд эрүүл мэндийн салбарын 175 байгууллага 357 цацраг үүсгэгчтэй аппарат тоног төхөөрөмж ашиглаж байсан бол өдгөө 247 байгууллага 550 орчим рентген аппарат, тоног төхөөрөмжийг ашиглаж байна. Эрүүл мэндийн салбарт цөмийн шинэ технологиуд нэвтэрч хавдар судлалын үндэсний төвд анхны шугаман хурдасгуурт туяа эмчилгээний хоёр аппарат суурилагдаж, 2 дугаар төв эмнэлэгт цөмийн цикл хурдасгуур болон позитрон эмиссийн компьютер томографийн аппарат бүхий Үндэсний оношилгоо, эмчилгээний төв ашиглалтад орох гэж байгаа нь Монгол улсын эмнэлгийн тусламж үйлчилгээнд дэвшил авчирсан, эрүүл мэндийн салбарын түүхэнд хөгжлийн шинэ хуудсыг эхлүүлж буй явдал юм. Энэчлэн өндөр хүчин чадлын бүрэн автоматжсан цөмийн оношилгоо эмчилгээний төхөөрөмжүүд нэвтрэхийн хэрээр түүний аюулгүй байдлыг хангах, зөв ашиглах талаар цацрагтай ажиллагсдын мэдлэг, чадварыг дээшлүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч байгаа юм. Сургалтын үеэр ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица, Хирошимагийн Их Сургуулийн Цацрагийн ослын үеийн эмнэлгийн яаралтай тусламжийн төвийн профессор Хирохаши Нобуюуки нар “Монгол Улсын засгийн газар цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх ажилд анхаарал хандуулан энэхүү үйл ажиллагааг Шадар сайдын ивээл дор зохион байгуулж байгаа нь ихээхэн ач холбогдолтой юм” гээд талархал илэрхийлэв.
Монгол улсад одоогоор хүний амь нас эрсэдсэн цацрагийн томоохон осол бүртгэгдээгүй байгаа ч цацрагийн үүсгүүрийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, нэвтрүүлэхийг завдсан, хулгайлсан, зөвшөөрөлгүй ашигласан, хадгалсан, тээвэрлэсэн, ашиглалтын явцад үүсгүүрийн битүүмжлэл алдагдсан зэрэг ноцтой асуудлууд гарсаар байгаа юм. Тиймээс Улсын Онцгой комисс болон шадар сайдын зүгээс эдгээр асуудалд анхаарч 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр “Мэргэжлийн болон цацрагийн хяналтын улсын албаны төлөвлөгөө”-г баталж, чиг үүргийн газруудад төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг үүрэг болгосон. Мөн Шадар сайдын 08 дугаар тушаалаар “Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах журам”-д цацрагийн ослын үед тэргүүлэх болон хамтарч ажиллах байгууллагуудын үүрэг хариуцлагыг тодотгосон билээ.