“Иргэн таны төлөө-Мэргэжлийн хяналт” сэдэвт сарын аяны хүрээнд МХЕГ-ын цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газраас “Рентген кабинет, ионжуулагч цацраг үүсгэгч аппарат төхөөрөмжийг ашиглах, суурилуулах болон рентген шинжилгээ хийх үед мөрдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн төслийн хэлэлцүүлгийг өрнүүллээ. Тус хэлэлцүүлэгт ЭМЯ-ны Дүрс оношилгоо судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, Академич, Монгол улсын Хүний гавьяат эмч Ц.Бадамсэд, ЭМЯ-ны Дүрс оношилгоо судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, Доктор Б.Эрдэнэбулган, Цөмийн Анагаах ухааны нийгэмлэгийн Тэргүүн С.Эрдэнэчимэг болон Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагчид, рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй нийслэл, орон нутгийн нийт 35 байгууллагын 47 цацрагтай ажиллагч оролцож санал бодлоо солилцов. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 250 орчим эмнэлгийн байгууллага 550 гаруй рентген, оношилгооны аппаратыг эмчилгээ, оношилгоонд ашиглаж байна. Энэхүү дүрмийг шинэчлэн боловсруулах нь “Цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдал, ионжуулагч цацрагийн үйлчлэлээс хамгаалах Олон улсын Үндсэн стандарт”-д заасан рентген оношилгооны үеийн өвчтөнд өгөх тунгийн зөвлөх түвшинг мөрдүүлэх, рентген кабинет, ионжуулагч аппарат тоног төхөөрөмжийг ашиглах, суурилуулах, шинжилгээ хийх үеийн цацрагтай ажиллагч болон өвчтөн үйлчлүүлэгч, хүн амын цацрагийн хамгаалалтыг сайжруулах зэрэг олон талын ач холбогдолтой юм.