“Органик хүнсний тухай” хуулийг 2016 онд баталж, 2018 онд хуулийг дагаж мөрдөх журам, аргачлал, жагсаалтыг тус тус баталсан. Харин өнөөдрийг хүртэл нэг ч дотоодын бүтээгдэхүүн баталгаажуулж, зах зээлд нийлүүлээгүй байгаа нь органик бүтээгдэхүүний талаар иргэд, үйлдвэрлэгчид ойлголт, мэдлэг дутмаг байгаатай холбоотой. Иймд ХХААХҮЯ, МХЕГ, ШӨХТГ, НХХААГ зэрэг байгууллагууд хамтран “Алсыг харъя Органикийг сонгоё” аяныг өнөөдрөөс эхлүүлээд байна.
Хэрэглэгчдийнорганик хүнсний талаарх мэдлэг дутмаг байгааг ашиглан баталгаажилт хийгээгүй бүтээгдэхүүний шошгод“органик”,“байгалийн гаралтай цэвэр”, “байгалийн гаралтай” зэрэг мэдээллийг хэвлэж хэрэглэгчдийг төөрөгдүүлэх явдал цөөнгүй байгаа аж.
Иймд органик хүнсний талаар ерөнхий ойлголт, ашиг тус, мөн буруу шошголсон хуурамч органик, байгалийн цэвэр, байгалийн гаралтай цэвэр гэсэн мэдэгдлийг ашигласан бараа бүтээгдэхүүнийг нийтийн хэрэгцээнд нийлүүлсэн тохиолдолд Зөрчлийн болон холбогдох хуулийн дагуу авах арга хэмжээний талаар үйлдвэрлэгч, хэрэглэгчдэд мэдээлэл өгч, сурталчлах ажил хийгдэнэ.
Мөн “Органик хүнсний тухай” хуулийн дагуу баталгаажуулалт хийлгээгүй, бүртгэлгүй хүнсний шошгод монгол болон гадаад хэлээр “органик”, “байгалийн цэвэр”, “байгалийн гаралтай цэвэр” гэсэн үг, органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ хэрэглэсэн хуурамч бүтээгдэхүүнийг нийтийн хэрэгцээнд нийлүүлэхээс урьдчилан сэргийлэх, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, тандалт судалгаа хийгдэх юм. Тандалт судалгааг орон даяар сүлжээ дэлгүүр, томоохон хүнс импортлогчид, хөдөө орон нутгийн худалдаа үйлчилгээний газруудыг хамруулан хийнэ.