Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ЭИХХЦХГ, ЦЦАБХГ, Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албатай хамтран “Иргэн таны төлөө-Мэргэжлийн хяналт” сарын аяны нээлтийг “Чингис хаан” ОУНБ-д 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр зохион байгууллаа.
Арга хэмжээнд МХЕГ, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Буянт-Ухаа боомт дахь ХМХА-ны удирдлагууд, улсын /ахлах/ байцаагчид, “Чингис хаан” ОУНБ, Буянт-Ухаа дахь Гаалийн газар, Гадаадын иргэн харьяатын газрын Агаарын замын боомт хариуцсан газар, Хилийн 0218 дугаар анги, Иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн хэлтэс, авиакомпаниудын төлөөлөл, иргэд, зорчигчид, аж ахуйн нэгжүүд оролцов.
Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга Б.Отгонцэцэг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Иргэн таны төлөө-Мэргэжлийн хяналт” сарын аян нь Монгол Улсын агаарын хилээр тээвэрлэгдэж байгаа эм эмнэлгийн хэрэгсэл, цөмийн болон цацрагийн үүсгүүр, бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэхэд зорчигч, аж ахуйн нэгж, иргэд, байгууллагуудад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх зорилготой” хэмээн онцоллоо.
“Мэргэжлийн хяналтын байгууллага 2019 онд “Иргэн төвтэй, үр дүнд чиглэсэн төрийн үйлчилгээг төлөвшүүлэх” зорилт тавьж ажиллаж байгаа” талаар мөн МХЕГ-ын Тамгын газрын дарга Ч.Энхбат дурдлаа.
Сарын аяны нээлтийн үеэр иргэд, аж ахуйн нэгжүүдээс санал асуулга авч, зорчигчийн хувийн хэрэглээний эмийн талаар үзүүлэх тоглолт үзүүлж, цөмийн болон цацрагийн аюулгүй байдал, мал эмнэлэг, эрүүл ахуй, ургамлын хорио цээр, хүнсний чанар стандарт, байгаль орчны хяналтын чиглэлээр зөвлөмж, гарын авлага тарааж, мэдээлэл өглөө.
Аяны хүрээнд Буянт-Ухаа боомт дахь ХМХА-наас 19 бүтээлч ажил хийхээр төлөвлөгөө гарган хэрэгжүүлж байна. Тухайлбал, шуудан илгээмж болон зорчигчийн гар тээшээр улсын хилээр нэвтэрч буй эм, биологийн идэвхт нэмэлт бүтээгдэхүүнд тавих хяналт шалгалтыг сайжруулах, санал боловсруулж холбогдох байгууллагад хүргүүлэх, “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт ширээний дасгал сургуулилт, хариу арга хэмжээ авах сургалт зохион байгуулах, гарын авлага, шторк, зөвлөмжийг иргэд, аж ахуйн нэгж байгууллагад сурталчлах ажлыг эрчимжүүлэх зэргийг дурдаж болно. Түүнчлэн бусад хил, хяналтын байгууллагатай хамтарсан уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөжээ.