Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус аймгийн Хангал сумын Тавхайн салаа, Нүдэн чулуу, Хялганат тосгоны Цулхар дугана зэрэг мал эмнэлгийн нэгжүүдэд энэ сарын 02-05-ны өдрүүдэд мал эмнэлгийн хяналтын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, тандалт судалгаа, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийлээ.
Хяналт шалгалтын явцад мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх, халдварт өвчинтэй тэмцэх, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой сургалтанд хамрагдаагүй мэдлэг, ур чадвар эзэмшсэн мэргэжлийн үнэмлэхтэй техникийн ажилтан ажиллуулдаггүй, ажлын байранд аюулгүй ажиллагааны санамж, анхааруулга байрлуулж заавар зөвлөгөө өгдөггүй, нийтийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр орон нутгийн удирдлага, эрүүл мэндийн байгууллага, олон нийт иргэдийг оролцуулсан хамтран ажиллах гэрээ, хэлцэл хийгээгүй, үзлэг оношлогоо хийхэд халдварт өвчний сэжиг илэрсэн тохиолдолд харъяалах мал эмнэлгийн тасагт мэдэгдсэн, сорьц илгээсэн бүртгэлгүй, мал эмнэлгийн ажил үйлчилгээг эрхлэх үйл ажиллагааны ойрын болон хэтийн бизнес төлөвлөгөө, гоц халдварт, халдварт өвчний тархвар зүйн судалгаагүй, мал, амьтныг эмчлэх жор бичдэггүй, дотоод хяналт шалгалтын тогтолцоо төлөвшөөгүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.
Зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлага, зөвлөмж өгч, цаашид гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.