
Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Гашуунсухайт боомт дахь ЭИХХЦХХ-ээс “Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, олон нийтийг мэдээллээр хангах замаар эрсдэлээс урьдчилан сэргийлэх” зорилтын хүрээнд улс хооронд ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг нүүрс тээврийн ААН-үүдэд гуравдугаар сарын 28-ны өдөр зөвлөгөөн зохион байгууллаа. Зөвлөгөөнөөр хилийн хяналт шалгалтын орчин нөхцөлийг сайжруулах талаар хэлэлцүүлэг, ярилцлага хийж 03-р сарын 31-ний өдрөөс эхлэн“Байгаль орчиндоо ээлтэй ажиллаж амьдарцгаая” сарын аяныг зарласан байна.
Зөвлөгөөнд урилгаар ХААИС-ийн Агро экологийн сургуулийн сургалт эрхэлсэн орлогч захирал /Ph.D/ доктор, дэд профессор Ш.Оюунтуяа “Агаарын чанарын мониторинг”, Экологийн тэнхимийн багш магистр Б.Минжмаа “Хог хаягдлын менежмент” сэдвээр сургалт явуулсан юм. Мөн хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Б.Санжиддорж, Б.Мөнхтуул нар Монгол улсын Засгийн газрын 2018 оны 06 сарын 20-ний өдрийн ”Нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа үйлчилгээ, сав, баглаа боодлын зориулалтаар импортлох, үйлдвэрлэх, хэрэглэхийг хориглосон тухай” 189-р тогтоолыг хэрэгжүүлэх сэдвээр сургалт хийж, зөвлөгөө, мэдээлэл өгөн гарын авлага тараажээ.
Зөвлөгөөнд оролцогсдод Өмнөговь аймгийн “Хармаг” брэндийн Эко торыг бэлэглэж, бүс нутгийн брэндийн оёсон торыг ашиглахыг уриалав.
