Ажлын байран дахь хөдөлмөрийн эрүүл ахуй, тоосжилттой холбоотой Монгол Улсын стандартууд, түүний хэрэгжилтийг хангуулах, уул уурхай болон тоос бүхий ажлын байртай үйлдвэрүүдэд стандартыг тогтмол хэрэглээ болгох зорилгоор МХЕГ, Монголын Хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбоо, ХБНГУ-аас хэрэгжүүлж буй төсөлтэй хамтран сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна.
Тус сургалтаар тоосны талаарх мэдлэг, чадвараа нэмэгдүүлж, тоосны сорьц цуглуулах, хэмжилт хийхэд ашигладаг багаж төхөөрөмжийн ажиллах зарчим, ажлын байранд тоосны өртөлтийг хэмжиж, үнэлэх , тоостой орчинд ажиллагсдад зориулсан амьсгал хамгаалах хэрэгслийн сонголт, хэрэглээг зөв оновчтой хийх, үйлдвэрийн орчинд тоосны өртөлтийг бууруулах, ажилтны эрүүл мэндийг тоосны шалтгаант өвчнөөс хамгаалах арга хэмжээг зохион байгуулах, сургалт хийх ур чадварыг эзэмшинэ.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн статистик мэдээгээр мэргэжлээс шалтгаалах өвчний 58.6 хувь нь тоосны шалтгаантай байдаг аж. Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, ХБНГУ-ын Физик Техникийн Хүрээлэнгээс хэрэгжүүлсэн “Уурхайн салбарын чанарын дэд бүтцийг бэхжүүлэх нь” төслийн дэмжлэгээр 2015-2017 оны хооронд ажлын байранд тоосны хэмжилт хийх, амьсгал хамгаалах хэрэгсэл сонгох, тоосны өртөлтийг бууруулах үйл ажиллагааг зохицуулсан MNS 6654:2017, MNS 6656:2017, MNS 6657:2017, MNS 6658:2018, MNS ISO 7708:2016 стандартуудыг боловсруулан батлуулсан юм.