Дорноговь аймагт хийгдэж буй хамтарсан шалгалтын хүрээнд МХЕГ, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын цөмийн болон цацрагийн байцаагчид Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэг, Шонхор Мед эмнэлэг, Цэвэр талст эмнэлгийн цацрагтай ажиллагсад, гэмтэл, мэс заслын эмч, хүүхдийн эмч, мэдрэлийн эмч нарт сургалт зохион байгуулав. Сургалтаар рентген оношилгооны цацрагийн хамгаалалтын үндсэн зарчим, рентген шинжилгээний үед өсвөр болон бага насны хүүхдийн шарлагын тунг бууруулах арга хэмжээ, хүүхдийн судлагдаж буй эрхтнээс бусад хэсгийг зайлшгүй хамгаалах талаар мэдээлэл өгчээ.