Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний эрүүл, аюулгүй байдлыг хангахад тулгамдаж байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох, олон улсын зарчим, чиг хандлагатай нийцүүлэн нэн тэргүүнд шийдвэрлэвэл зохих асуудлуудыг хэлэлцэх зорилгоор“Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай” хуулийн хэрэгжилт, түүнд тавих хяналт” сэдэвт сургалтыг МХЕГ, НҮБ-ийн Хүүхдийн сантай хамтран 10.23-10.25-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
“Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай” хуулийг Монгол Улсад 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр батлан 2017 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн мөрдөж байна. Энэ хуулийн зорилт нь хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих бодлогыг тодорхойлох, эрүүл, аюулгүй хүнсээр хангах, түүнд хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байгаа аж.
Мөн хуулиар хүүхдийн хүнсний найрлагад орох бүтээгдэхүүнд тавигдах шаардлагыг хуульчилж өгснөөс гадна найрлагад Транс тос, Генетикийн өөрчлөлттэй түүхий эд, Антибиотик, Даавар, Пестицид, Хор зэргийг агуулж болохгүй гэж зааж өгсөн байдаг.
Зориулалтын бүтээгдэхүүний найрлагад тавих шаардлага, зориулалтын болон сүүн тэжээл, хооллох хэрэгслийн сав, баглаа боодол, шошгод тавих ерөнхий болон тусгай шаардлагуудыг зааж өгсөн нь эрүүл, аюулгүй хүнсээр хангах, үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх эрсдэлийг бууруулах, илэрсэн зөрчлийг арилгуулахад чухал ач холбогдолтой.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас энэ чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, ААНБ-ын дотоод хяналтын тогтолцоог төлөвшүүлэх зорилгоор мэдлэг мэдээлэл хүргэх, сургалтуудыг өргөн хүрээтэйгээр зохион байгуулж байна.
Монгол Улсын “Төрийн хяналт шалгалтын тухай” хуульд 2010 онд нэмэлт өөрчлөлт орсноор Монгол Улсын бүх аж ахуйн нэгж, байгууллагууд өөрийн үйл ажиллагаандаа хяналт тавих дотоод хяналтын тогтолцооны эрх зүйн үндэслэл тавигдсан. Улсын хэмжээнд аж ахуйн нэгж, байгууллагуудад дотоод хяналтын тогтолцоо бүрэн утгаараа хэрэгжиж чадахгүй байгаа,дотоод хяналтын үүрэг, зорилго, ач холбогдлыг төдийлэн ойлгодоггүй, дотоод хяналтын журмыг зөв боловсруулдаггүй дутагдал түгээмэл байсаар байна.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр 17 хууль, захиргааны хэм хэмжээний акт, 600 гаруйстандартын хэрэгжилтэд хяналт тавин ажилладаг.