“Хүнсний аюулгүй байдлыг хангахад иргэн таны оролцоо” сарын аяны хүрээнд Хүнсний аюулгүй байдлыг хангах нь сэдэвт сургалтыг хүнсний худалдаа, үйлдвэрлэл эрхлэгч аж ахуй нэгж байгууллага иргэдэд онлайн болон танхимын хэлбэрээр улсын хэмжээнд зохион байгууллаа. Сургалтад 21 аймаг, нийслэл, Замын үүд, Алтан булаг боомтын 300 орчим хүнсний худалдаа, үйлдвэр эрхлэгч аж ахуй нэгж, иргэд, 26 хүнсний чанар, стандартын хяналтын улсын /ахлах/ байцаагчид хамрагдлаа.
Сургалтад шинээр батлагдан гарсан “Баяжуулсан хүнсний тухай” , “Стандартчилал техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай”, “Нялх балчир хүүхдийн хүнсний тухай” хуулиудын танилцуулга, хүнсний аюулгүй байдлыг хангахад худалдаа эрхлэгчдийн үүрэг оролцоо, хүнсний зах, худалдааны төвийн дотоод хяналтыг хэрэгжүүлэхэд лабораторийн чиг үүргийн талаар мэдээлэл, зөвлөмж зөвлөгөө өгч санал солилцов.
Шинээр батлагдан гарсан “Нялх балчир хүүхдийн хүнсний тухай” хуульд нялх балчир хүүхдийн хоол тэжээлийн сав баглаа боодлын шошгод “Эхийн сүү бол хамгийн сайн хоол мөн” гэсэн санамжийг заавал байршуулахаар заасан байна. Мөн Баяжуулсан хүнсний тухай хуульд албан журмаар баяжуулах хүнсний жагсаалтыг ЭМЯ, ХХААХҮЯ-наас хамтран гаргахаар тусгажээ.
Сургалтад оролцогчдод “Хүнсний аюулгүй байдлыг хангах талаарх хууль тогтоомжийн эмхэтгэл”, “Итгэмжлэлийн ач холбогдол”, “Стандартчилал техникийн зохицуулалт тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг хэрэгжүүлэх дүрэм, журам, зааврын эмхэтгэл” зэрэг гарын авлагуудыг түгээж ажиллалаа.