Эрчим хүчний яамнаас тус салбарын хөгжлийн бодлогыг төр, хувийн хэвшлийн байгууллага, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад танилцуулах, цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор “Монголын эрчим хүч 2013” сэдэвт олон улсын хурал, үзэсгэлэн2013 оны тавдугаар сарын 24-26-ны өдрүүдэд болж байна.
Олон улсын хурлын нээлтийн ажиллагаа Blu sky зочид буудлын хурлын танхимд өглөө 9 цагт болж УИХ-ын гишүүн А.Тлейхан. Д.Батцогт, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүх, Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв, ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт нарын зэрэг зочид төлөөлөгчид оролцож үг хэлж, илтгэл тавьлаа.
Энэ удаагийн олон улсын хуралд нийтдээ 200 гаруй зочид төлөөлөгч оролцож байгаа бөгөөд тэдний дунд гадаадын 10 гаруй орны 60 гаруй төлөөлөгч байна.
Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв хурлын ажиллагааг нээж үг хэлэхдээ “ Энэ хуралд төр, хувийн хэвшил, олон улсын банк санхүү, хамтын ажиллагааны байгууллагууд, эрчим хүчний компаниуд, мэргэжлийн холбоод, дэлхийд нэр хүндтэй компаниудын төлөөллүүд нэг дор хуран чуулж, манай орны эрчим хүчний салбарын цаашдын хөгжлийн ирээдүйг хөндөн ярилцаж, хурлын үйл ажиллагааг үр дүнтэй, амжилттай болгоход өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаа нь энэ арга хэмжээний онцлог юм” гэв. Тэрээр цааш нь “Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан улс орны өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны эрчим хүчний эрэлт хэрэгцээг хангах эх үүсвэр, шугам сүлжээг барих, ашиглагдаж буй станцуудын хүчин чадлыг өргөтгөх, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжин өргөжүүлэх зэрэг томоохон зорилт, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд төр-хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар Улаанбаатар хотын 5-р цахилгаан станц, Салхит уулын салхин станцыг ашиглах, “ДЦС-4” ТӨХК-ийн 100 МВт-ын өргөтгөл, Амгалан дулааны станцыг барих гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж ажлыг эхлүүллээ. Эрчим хүчний салбарт өнөөдрийн байдлаар Багануурын 700 МВт чадалтай дулааны цахилгаан станц, Тавантолгойн 450 МВт, Хотгорын 60 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц, нэгдсэн системийн горимыг тохируулах, найдвартай ажиллагааг хангах үүрэгтэй томоохон чадлын УЦС зэрэг холбогдох ТЭЗҮ, судалгаа хийгдсэн төслүүдийг хэрэгжүүлж эхлэх шаардлагатай байна.” гэв