Аймаг, Нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинар Төрийн ордонд эхэллээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх арга замаа тодорхойлох, харилцан мэдээлэл солилцох, Засгийн газрын гишүүд, аймгийн удирдлагууд хэрхэн хамтран ажиллах талаар харилцан ярилцахаар семинарыг зохион байгуулж байна.
Семинарын үйл ажиллагааны үеэр Шадар сайд болон түүний харьяа агентлагууд мэдээлэл хийсэн бөгөөд Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр Стандартчилал, хэмжил зүйн салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар оролцогчдод мэдээлэл хийлээ.
Тэрээр хэлэхдээ “Чанарын дэд бүтцийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, эрх зүйн орчныг боловсронгуй болгосны үндсэн дээр экспортын чиг баримжаатай, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжин үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх замаар хүнсний аюулгүй байдлыг хангаж, хүний эрүүл мэнд, амь нас, хүрээлэн буй орчны болон хүнсний аюулгүй байдлыг хамгаалан иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд Үндэсний чанарын бодлого, хөтөлбөрийн зорилго чиглэнэ”. Иймд “Үндэсний чанарын бодлого, хөтөлбөр”-т тусгагдсан зорилтуудыг орон нутгийн удирдлагууд анхаарч хэрэгжүүлэх хэрэгтэй” хэмээн онцоллоо.