Дэлхийн чанарын өдрийг жил бүрийн 11 дүгээр сард дэлхий нийтээрээ тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд манай улс Дэлхийн чанарын өдөр – Үндэсний чанарын 7 хоногийг 14 дэх жилдээ тэмдэглэж байна. Энэхүү арга хэмжээний хүрээ өргөжиж 2015 оноос “Үндэсний чанарын чуулган” нэртэйгээр зохион байгууллагддаг болсон ба энэ жил “Үйл ажиллагааны засаглалыг хөгжүүлье” уриан дор Стандарт, хэмжил зүйн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Европын холбооны “ Монгол улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” төсөлтэй хамтран 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ.
Энэхүү чуулганд төрийн байгууллага, бизнес эрхлэгчид, олон улсын байгууллагын төлөөллөөс бүрдсэн 220 гаруй оролцогч оролцож бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулах, олон улсын зах зээлд өрсөлдөхөд бүх нийтийн анхаарлыг хандуулах, бизнес эрхлэгчдэд тулгамдаж байгааг асуудлынхаа талаар санал, бодлоо солилцлоо.
Энэ удаагийн чуулганы онцлог нь” Үндэсний чанарын хөтөлбөр, бодлого”-ын зорилго, хүрэх үр дүнг төрийн болон төрийн бус байгууллага, бизнес эрхлэгчдэд хүргэж, экспортын тэргүүлэх чиглэлийн бүтээгдэхүүний олон улсын зах зээл дээр өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд талуудын оролцоог хангаж ажиллахад ямар боломж, нөхцөл байгааг хамтдаа хэлэлцсэн.
Чуулганы үеэр чанарын дэд бүтцийг бүрдүүлэхэд оролцдог 9 байгууллага, төрөөс экспортын тэргүүлэх чиглэлийн бүтээгдэхүүнээр тодорхойлогдсон чацаргана, ноос ноолууран бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 3, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 2 байгууллагын үзэсгэлэн гарч, бизнес эрхлэгчдэд тулгарч байгаа асуудлыг сонсох зорилгоор “Чанар ба өрсөлдөх чадвар”, “Чанар ба үйл ажиллагааны засаглал” хэлэлцүүлэгийг зохион байгуулж, зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэсэн үр дүнтэй хэлэлцүүлэг боллоо.
Манай улс шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээ, аж ахуй нэгж байгууллагад 2 дах жилдээ “Үндэсний чанарын шагнал”-ыг олгож байна. Энэ жил 52 аж ахуй нэгж, байгууллага 3 номинаци дээр өрсөлдөж шилдэг байгууллагаар “ Клин энержи” ХХК, шилдэг бүтээгдэхүүнээр “Говь” ХК-ийн ноолууран сүлжмэл бүтээгдэхүүн, шилдэг үйлчилгээгээр “Лоудстоне могул” ХХК тус тус шалгарч “Үндэсний чанарын шагнал”-ыг гардан авлаа.
БҮТЭЭГДЭХҮҮН, ТОГТОЛЦООНЫ БАТАЛГААЖУУЛАЛТЫН ГАЗАР