Монгол Улсын хүн амын өсөлт, төрөлтийг дэмжих бодлогын хүрээнд Эхэд тэтгэмж, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг даалгав.
Төслийн үзэл баримтлалд тусгаснаар 0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд улирал бүр цалин олгох “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлэх, Нийгмийн даатгалын шимтгэлийг нь 100 хувь төрөөс хариуцах, мөн 3 ба түүнээс олон хүүхэдтэй өрх толгойлсон эх /эцэг/-т хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр улирал бүр дэмжлэг үзүүлэхээр тусгажээ.
Манай улсын нийт өрхийн 72.8 хувь нь 1-2 хүүхэдтэй юм байна. Иймд нэг өрхөд ногдох хүүхдийн тоог нэмэгдүүлэх, олон хүүхэдтэй өрхийг дэмжих нь зүйтэй гэж Засгийн газар үзлээ. Ингэснээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх боломж бүрдэж байгаа бөгөөд цаашид эхчүүдийн цалинг сар бүр олгох чиглэл барихыг даалгалаа.
Товч мэдээ
- УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы санаачлан боловсруулсан “Гар аргаар ашигт малтмал албан бусаар олборлож буй иргэдийн талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд тодорхой саналыг төсөл санаачлагчид уламжлахаар болов.
- УИХ-ын гишүүн Л.Болд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах тухай, Гэр хорооллын хөгжлийн тухай хуулийн төсөл боловсруулсан байна. Төслүүдийг хэлэлцэн хэд хэдэн саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтов.
- Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны институци үүсгэн байгуулах хэлэлцээрийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр болов.Бүс нутгийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой байгуулагдсан Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрт манай улс 2002 онд гишүүнээр элссэн. Хөтөлбөр нь тээвэр, худалдааг хөнгөвчлөх, эрчим хүч, худалдааны салбаруудын бодлого, үйл ажиллагааг бүс нутгийн хэмжээнд харилцан уялдуулах зорилгоор удирдах ажилтны болон сайд нарын уулзалт зохион тохирсон чиглэл, салбаруудад худалдаа, эдийн засгийн өсөлтийг хангах, дэд бүтцийг хөгжүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг байна.
- Монгол Улсын хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдсон бусад хуулийн болон УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.