МEDEA төслийн хүрээнд Тайландын хэмжил зүйн хүрээлэнгийн мэргэжилтэн Mr.Tawat Changpan, Ms.TasaneePriruenrom нар 2016 оны 08-р сарын 08-наас 23-ны өдөр хүртэл даралтын эталоны лабораторид олон улсын харьцуулалтад бэлтгэх газар дээрх дадлага сургалт явууллаа. Уг үйл ажиллагаанд Массын эталоны лабораторийн ахлах мэргэжилтэн Ц.Алтанцэцэг хэмжлийн үр дүнг боловсруулах, Даралтын эталоны лабораторийн мэргэжилтэн Б.Гансүх хэмжлийг гардан гүйцэтгэх байдлаар хамтран оролцов.
Лабораторийг олон улсын түлхүүр харьцуулалтад бэлтгэх дадлага хэмжилт хийж үр дүнг тооцоолох ажлын ур чадварыг сайжруулах зорилгоор Тайландын хэмжил зүйн хүрээлэнгийн бэлтгэсэн дээж болох 100 МПа хэмжих хязгаартай шингэний өндөр нарийвчлалын даралтын хувиргагчийг манай даралтын эталон ачаат бүлүүрт манометр дээр шалгаж үр дүнг уг Тайландын хүрээлэнгийн шалгасан үр дүнтэй харьцуулах ажлыг гүйцэтгэлээ. Нийтдээ 6 цуврал хэмжил хийсэн ба эхний хэмжлийг Даралтын лабораторийн өрөөнд хийсэн боловч орчны нөхцлийн тогтворжилтгүй байдлаас хэмжлийн үр дүн шаардлага хангахгүй байсан. Иймээс удаах цуврал хэмжлийг Массын эталоны лабораторид гүйцэтгэлээ. “Даралтын хэмжих хэрэгслийн шалгалт тохируулга” DKD R6-1 аргачлалын дагуу хэмжлийг гүйцэтгэж, үр дүнг тооцоолон Тайландын хэмжил зүйн хүрээлэнгийн үр дүнтэй харьцуулахад En тоо нь 0,66 гарсан тул даралтын эталон ачаат бүлүүрт манометр орчны нөхцлийн шаардлагыг хангасан үед олон улсын харьцуулалтад оролцох боломжтой гэж дүгнэсэн.
Мөн Mr.Tawat, Массын эталоны лабораторийн ахлах мэргэжилтэн Ц.Алтанцэцэг,Даралтын эталоны лабораторийн мэргэжилтэн Б.Гансүх нар хамтран Орон нутгийн СХЗХ-ийн даралтын хэмжлийн улсын шалгагч, итгэмжлэгдсэн лабораторийн болон тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдийн нийт 23 сонсогчид зориулан “Даралтын хэмжлийн онол ба хэмжих хэрэгслийн шалгалт тохируулга” сэдвээр 2 өдрийн сургалт зохион байгууллаа. Уг сургалтаар даралтын хэмжлийн ерөнхий онол, даралтын хэмжих хэрэгслийн шалгалт тохируулга хийхэд олон улсад хэрэглэгддэг гол гол аргачлалуудын танилцуулга, даралтын ажлын хэмжих хэрэгсэлд шалгалт тохируулга хийж, хэмжлийн эргэлзээг тооцоолох талаар онол болон дадлагын хичээл явууллаа.
Массын эталоны лабораторийн ахлах мэргэжилтэн: Ц.Алтанцэцэг