MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Д.ГАНБАТ: ЗАМ ТЭЭВРИЙН САЛБАР БОЛ УЛС ОРНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ӨНХРӨХ ДУГУЙ НЬ

    Д.ГАНБАТ: ЗАМ ТЭЭВРИЙН САЛБАР БОЛ УЛС ОРНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ӨНХРӨХ ДУГУЙ НЬ

    2016-08-30
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email
    Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбаттай ярилцлаа.
    -Та зам тээврийн салбарт шинэ хүн биш. Салбарын гол компанийн нэгийг амжилттай удирдаж байсан танд Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдсонд баяр хүргэе. Өнөөдөр Зам, тээврийн салбарт тулгарч байгаа олон асуудал байгаа байх. Алс хэтийг харсан ямар бодлого баримтлах нь зүйтэй гэж та үзэж байна вэ?  
    -Хот суурин, хүн амын алслагдмал болон далайд гарцгүй байдлаас улбаалсан тээврийн өндөр өртөг зардал улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд сөргөөр нөлөөлж, түүнтэй холбогдсон сорилт бэрхшээл нэлээд байна. Манай экспортын бүтээгдэхүүний өөрийн өртгийн 30 орчим хувийг тээвэр, ложистикийн зардал эзэлж байна. Энэ бол бусад оронд дунджаар 10 орчим хувь байдагтай  харьцуулахад өндөр үзүүлэлт. Оновчтой зөв бодлого явуулж байж үүнийг шийдэх ёстой.
    Өнгөрсөн 20 гаруй жилд боловсруулсан тээврийн хэд хэдэн стратеги, хэтийн бодлого нь тээврийг сэргээх, тогтворжуулах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд голлон чиглэгдэж байсан. Гэхдээ ихэнх зөвлөмж, үйл ажиллагааны хөтөлбөр нь дунд хугацааных бөгөөд хоорондын уялдаа холбоо тааруу байлаа. Бодлого, стратегийн зорилт, арга хэмжээ нь байгаа нөөц бололцоотойгоо төдийлөн уялдаагүй, хэт мөрөөдлийн чанартай байсан. Гол шалтгаан нь бодит эрэлт хэрэгцээ шаардлагад тулгуурлахын оронд нийлүүлэлтэд чиглэсэн төлөвлөлтийн практик ашиглаж байсантай холбоотой гэж би хардаг. Цаашид үүнийг засахын төлөө ажиллах болно. Тухайлбал, тээврийн төрлүүдийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилт хангалтгүй байгаа тул тэдгээрт хяналт-шинжилгээ хийж, нэмэлт өөрчлөлт оруулах, хэрэгжүүлэх үе шатуудыг эргэн харах шаардлагатай байна.  
    -Ер нь эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжилд тээврийн гүйцэтгэх үүрэг их юм аа даа? 
    -Тийм. Тээвэр нь улс орны эдийн засагт хөдөлгөгч хүч, хүчит хөдөлгүүр нь биш юм гэхэд өнхрөх дугуй нь яах аргагүй мөн. Бас нийгэм, эдийн засгийн хөгжлийн түүчээ ч гэж хэлж болно. 
    -Тээврийн хэрэгцээ өсөн нэмэгдэх хандлага байгаа юу? 
    -Тээврийн хэрэгцээ нь эдийн засгийн болон хүн амын өсөлтөөс голлон хамаардаг. Эдийн засаг нэг хувь өсөхөд тээврийн хэрэгцээ хоёр хувь нэмэгддэг гэсэн тооцоо ч байдаг. Манай улс цөөн нэрийн бараа бүтээгдэхүүнээс хамаарсан эдийн засагтай. Монгол Улсын эрдэс баялгийн арвин нөөц нь эдийн засгийн гол тулгуур болж байна. 2015 онд эрдэс баялгийн салбар нь идэвхитэй хөдөлмөр эрхлэх ажиллах хүчний дөнгөж 3.7 хувьд ажлын байр бий болгосон мөртлөө ДНБ-ний 41 хувийг үйлдвэрлэж, нийт экспортын орлогын 80 хувийг бүрдүүлжээ.
    Экспортын бүтээгдэхүүний 90 хувийг БНХАУ руу гаргасан байна. Монгол орны эдийн засаг нь уул уурхайгаас хамааралтай, бараа бүтээгдэхүүний үнийн бууралт болон БНХАУ дахь нөхцөл байдлаас хамааралтайгаас шалтгаалан  ойрын болон дунд хугацааны эдийн засгийн байдал тодорхойгүй байна. Хамгийн их өөрчлөлт хөдөлгөөнтэй бөгөөд тээвэрлэлтээс ихээхэн хамааралтай экспортын бүтээгдэхүүн бол нүүрс. Нүүрсний экспорт БНХАУ-ын нүүрсний хэрэгцээнээс хамаарна. БНХАУ-ын Засгийн газар саяхан ДНБ-ний нэгжид ногдох хүлэмжийн хийн ялгаруулалтыг эрс бууруулна хэмээн мэдэгдсэн. Энэ нь БНХАУ руу гаргах нүүрсний хэмжээнд нөлөөлнө гэсэн үг. Хэрэв БНХАУ-ын эдийн засаг  өнөөгийн бууралтаасаа сэргэж, 2014 оноос өмнө байсан өндөр өсөлтдөө эргэж орох юм бол манайхаас нүүрс импортлох хэмжээ өмнөх байдалдаа орох эсвэл наад зах нь одоогийн байдлаа тогтворжуулж болох юм. 
    -Тээврийн салбарын төрлүүдийн хувьд төмөр зам голлох үүрэгтэй биз дээ? 
    -Монгол Улсын тээврийн ажил, үйлчилгээг автотээвэр, төмөр зам, иргэний агаарын тээвэр, усан замын тээвэр гүйцэтгэж байна.Төмөр зам ачаа эргэлтийн хувьд давамгайлж байгаа хэдий ч 2010 онд 89 хувийг эзэлж байснаа 2015 онд 60 орчим хувь болж буурчээ. Төмөр замын тээврийн харьцангуй давуу тал нь алсын зайд ихээхэн хэмжээний ачааг тээдэгт оршиж байгаа юм. Харин зорчигч тээвэрт автотээвэр зонхилж байна. Цаашид бид дамжуулах хоолойн тээврийг шинээр бий болгон хөгжүүлэх, тээвэр ложистикийн үйлчилгээг нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор урган гарч байна. 
    -Санхүүжилтийн эх үүсвэрийн хувьд хэр байна вэ? 
    -Мэдээж манайд санхүүжилт, хөрөнгө оруулалтын эх үүсвэр хязгаарлагдмал байгаа. Тухайлбал, 2016 онд Засгийн газраас улсын төсвийн хөрөнгө оруулалтын 17.6 хувийг тээврийн салбарт хуваарилан, автозамын засвар арчилгаанд найман тэрбум төгрөг төсөвлөжээ. Замын засвар арчилгааг сайн хийдэг улс орнууд ДНБ-нийхээ дор хаяж нэг хувийг автозамаа арчилж тордоход зарцуулдаг.
    Тэгвэл Монголд ДНБ-ийхээ дөнгөж 0.1 хувийг үүнд зарцуулж байна. Нэгэнт барьсан замаа арчилж тордох хэрэгтэй шүү дээ. Байнгын урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээг ихээхэн хөрөнгө зарж, сэргээн засварлалтаар орлуулж, “барих-арчилгааг үл хайхрах- дахин барих” гэсэн циклийг бий болгож байгаа нь санаа зовоосон асуудал юм. Ер нь  сэргээн засварлах ажлын зардал урьдчилан сэргийлэх арчилгаа үйлчилгээний зардлаас олон дахин их байдаг.
    -Автозамын бүтээн байгуулалтын хувьд төлөвлөсөн ямар ажлууд байна вэ? 
    -Автозамын сүлжээ нь 12700 км орчим улсын чанартай зам, 36000 км орчим аймаг орон нутгийн болон хотын зам, 600 км орчим уул уурхайн замаас бүрдэж байна. Үүнээс 6600 км орчим нь хатуу хучилттай ба ихэнхи нь хайрган буюу сайжруулсан хөрсөн зам эсвэл нарийн тогтоосон чиглэлгүй олон салаа хөрсөн зам байна.
    Зам дагаж хөгжил ирдэг гэдэг. Засгийн газрын тэргүүний дараагийн зорилт бол бүх аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбож дуусгах ажил. Харин дараа нь улсын чанартай бусад бүх замыг хатуу хучилттай болгох зорилттой байгаа. Улсын чанартай автозамд Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа (CAREC) –ны 4a коридор  (Ярант боомт-Ховд-Цагааннуур боомт), 4b коридор (Алтанбулаг боомт-Улаанбаатар-Замын үүд боомт) болон 4c коридор (Өндөрхаан-Баруун Урт-Бичигт боомт) орж байна. Эдгээр замыг Азийн автозамын стандартад нийцүүлэн сайжруулах шаардлагатай байна.
    Улаанбаатар хот орчимд тээврийн хэрэгслийн хөдөл­гөө­ний эрчим маш их. Улаанбаатар-Дарханы хоорон­дын CAREC 4b замыг сэргээн засварлах болон аюулгүй байдлыг сайжруулах шаардлагатай.  Мөн Улаанбаатар-Налайхын CAREC 4b чиглэлийн зам нь их түгжирдэг тул нэн даруй өргөтгөх шаардлагатай байгаа. CAREC-ийн 4b болон 4c чиглэлийн тодорхой хэсгийг сайжруулахаас гадна одоогийн байгаа хатуу хучилттай замын арчилгаа үйлчилгээ нь цаашид шинэ зам барихаас илүү чухал ач холбогдолтой юм.
    -Орон нутгийн автозамын хувьд? 
    -Ихэнх аймаг сум багийг аймгийн төв юм уу улсын чанартай замтай холбож замаа сайжруулах төлөвлөгөө бий. Хөдөөгийн иргэд боловсрол, эрүүл мэндийн зайлшгүй үйлчилгээ, зах зээлд хүрэх, хөдөө аж ахуйн бус ажил эрхлэлтэнд хүрэх боломж тун тааруу бөгөөд үүний тулд муу замаар хол зайд аялах шаардлага гардаг. Ижил төстэй бусад оронд жилийн туршид ашиглах бололцоотой автозамын хэмжээг нэмэгдүүлэхийн тулд хямд өртөгтэй зам барих арга технологийг хэрэглэх, нийтийн тээврийн үйлчилгээг хөгжүүлэх, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг зохистой байршуулахаас гадна алслагдсан нутаг оронд хүрэх зайлшгүй агаарын тээврийн үйлчилгээг хослуулан ашигладаг. Энэ талаар судлаж төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх болно. 
    -Автомашины тоо нэмэгд­сэн­­тэй холбоотой осол зөрчил гарах, орчны бохирдол тул­гамд­сан асуудал болоод бай­гааг хаа хаагүй ярьдаг. Энэ талаар таны бодол юу вэ? 
    -Авто тээврийн хэрэгслийн тоо ялангуяа Улаанбаатар хотод сүүлийн таван жилд ихээхэн нэмэгджээ. Нийслэл хотод 1000 хүнд ногдох автомашины тоо ойролцоогоор 215 байгаа (Казахстан, ОХУ-ынхтай ижил) бөгөөд ирэх 10 жилд 1000 хүнд 400 болж  хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах явдал тулгамдсан асуудал байсаар байгааг улсын хэмжээнд зам, тээврийн ослоор нас барагсдын тооноос харж болно.
    Замын цагдаагийн газрын мэдээгээр 2015 онд  429 байсан нь 100.000 хүн амд 14.3 буюу 100.000 тээврийн хэрэгсэлд 54.3 орчим ногдож байгаа нь хөгжингүй орнуудынхаас тав дахин их байгаа юм. Үндэсний хэмжээний хөдөлгөөний аюулгүй байдлын хангах хөтөлбөрөө хэрэгжүүлэх, тээврийн хэрэгслийн ашиглалтын дүрэм журмаа мөрдүүлэхэд ЗТХЯ, Замын цагдаагийн газар, Эрүүл мэндийн үйлчилгээний байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах нь нэн тэргүүний асуудал болж байна. 
    -Шинэ төмөр замын төслүүд эхнээсээ хэрэгжиж, алдаа онооны дээр урагшилж байна. Энэ ажлыг урагшлуулах чиглэлээр ойрын үед ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ? 
    -Төмөр замын сүлжээ нь Улаанбаатар төмөр замын (УБТЗ) эзэмшилд ашиглагдаж байгаа өргөн царигийн (1520 мм) 1816 км төмөр замаас бүрддэг. Үүний гол шугам нь хойд талдаа  ОХУ-ын хилээс өмнө талдаа Хятадын хил хүртэл үргэлжлэх 1115 км урттай Транс Монголын замналын (CAREC-ийн 4b коридор)  хэсэг юм. Энд мөн 98 км урттай Болд төмөр Ерөө голын төмрийн хүдрийн ордтой холбосон хувийн төмөр зам бий. Өнгөрсөн жил Төмөртэйгээс Хандгайт хүртэл 23 км төмөр замыг манай инженер техникийн ажилтан, ажилчид өөрсдийн хүчээр барьж байгуулан ашиглалтад өглөө. 
    Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогыг 2010 оны зургадугаар сард УИХ-ын 32 дугаар тогтоолоор баталсан. Шинэ төмөр замын шугамыг барих ажлыг Монголын төмөр зам (МТЗ) ТӨХК зохион байгуулах үүрэгтэй. “Баавгай агнах гэж байгаа бол туулайн мөрөнд бүү саат” гэсэн үг бий.
    Аар саар бэрхшээлд сааталгүй, төлөвлөсөн том төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй байна. Нүүрс болон уул уурхайн бусад бүтээгдэхүүнийг экспортонд гаргахад дэмжлэг үзүүлэх зорилготой стандартын царигийн (1435 мм) 267 км урт төмөр замыг Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайтын боомт хүртэл барих ажил үргэлжилж байна. Хөөт-Бичигтийн төмөр замыг барих ажлыг удахгүй эхлүүлнэ. Мөн баруун бүсэд шинэ шугам барихаар төлөвлөж байна. Тухайлбал, Нарийнсухайтын төмөр замыг барихаар ажиллаж байгаа. 2015 оны наймдугаар сард  Хойд төмөр зам ХХК нь Монгол Улсын Засгийн газартай 547 км урттай Овоотын нүүрсний уурхайгаас Эрдэнэт хүрэх төмөр зам барихаар концессийн гэрээнд гарын үсэг зурсан.
    Мөн Улаанбаатар хотын өмнүүр тойрч гарах Богдхан төмөр замын шинэ шугам барих ажлыг Азийн хөгжлийн банктай хамтран судлан хэрэгжүүлж, төмөр замын байгууламжуудыг шилжүүлэн байрлуулж, шинэ нисэх буудал болон шинэ төмөр замын орчимд шинээр ложистикийн терминал  барих ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байна. УБТЗ-ын тээх нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлж, тоног төхөөрөмжийг шинэчлэх болно. “Юмыг цагт нь хийвэл сайн. Амжаагүй бол хожимдсон ч гэсэн хий” гэсэн үг бий. Тиймээс бид бүх нөөц бололцоогоо ашиглаж төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр ажиллаж байна.
    -Зам, тээврийн салбарт бас нэгэн чухал байр суурь эзэлдэг салбар бол агаарын тээвэр. Иргэний нисэхийн дэд салбарт шийдвэрлэх шаардлагатай ямар асуудлууд байна вэ?
    - Иргэний нисэхийн салбар нь агаарын навигаци, нисэх буудал, зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ, нисэхийн аюулгүй ажиллагааг хангуулах зэрэг төрөлжсөн үйл ажиллагааны цогц болохын хувьд эрх зүйн шинэчлэлийг шат дараатай хийж гүйцэтгэх нь чухал байна. Улсын Их Хурлаас 2013 онд “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ыг баталсан. Үүнтэй холбогдуулан бодлогын баримт бичигт тусгагдсан асуудлуудыг ажил хэрэг болгох, салбарыг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэхийн тулд салбарын хууль тогтоомжийг шинэчлэх асуудал зүй ёсоор тулгарч байна. Иймд эхний ээлжинд иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлуулж, бодлогын баримт бичигтэй уялдуулан цогц байдлаар бодлогын шинэчлэл хийх төлөвлөгөөтэй байна. 
    Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт баригдаж буй олон улсын нисэх онгоцны шинэ буудлын хувьд одоогоор 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй явагдаж байгаа бөгөөд барилгын ажил төлөвлөгөөний дагуу 2017 оны 1 дүгээр сард дуусгавар болно. Үүнтэй холбогдуулан тус нисэх буудлыг ирэх онд амжилттай ашиглалтад оруулах, мөн одоогийн “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг хүндрэлгүйгээр шинэ нисэх буудалд шилжүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. Мөн орон нутгийн нисэх буудлуудын хүчин чадлыг зорчигчдын урсгалаас хамааруулан нэмэгдүүлэх, нисэх буудлуудын үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмыг нэвтрүүлэх, олон улсын нөөц нисэх онгоцны буудал байгуулах зэрэг асуудал зүй ёсоор тулгарч байна. 
    Агаарын навигацийн үйлчилгээний хувьд шинэ техник технологийг үе шаттай нэвтрүүлэх ажлыг үргэлжлүүлэн хийснээр Монгол Улсын дээгүүр нисэн өнгөрч буй олон улсын нислэгийн тоог нэмэгдүүлэх, аюулгүй ажиллагааны үзүүлэлтийг сайжруулах зорилго тавин ажиллах болно. 
    Түүнчлэн агаарын тээврийн салбарын зорчигч урсгалыг нэмэгдүүлэх, нислэгийн сүлжээг өргөжүүлэх, дотоодын агаарын тээвэрлэгчид, тэр дундаа үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ХК-ийн зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалтыг бүрдүүлэх чиглэлээр шат дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 
    -Сүүлийн үед Ази-Европыг холбосон эдийн засгийн коридор байгуулах асуудал эрчимтэй яригдаж байгаа. Хөрш орнуудтайгаа тээврийн харилцаагаа хөгжүүлэх эхний алхам юу байх бол?
    -Өнгөрсөн зургадугаар сард хөрш гурван орны төрийн тэргүүн нар Ташкентад болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын уулзалтын үеэр Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд олон төсөл  боловсруулж хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Дамжин өнгөрөх автотээврийг хөгжүүлэх үүднээс энэ сарын 18-24-ний хооронд БНХАУ-ын Тяньжин боомтоос эхлэн Монгол Улсыг дамжин ОХУ-ын Улаан-Үүд хот хүртэл олон улсын туршилтын автотээврийг эхлүүлээд явж байна. 
    -Зам, тээврийн салбарт олон төсөл хөтөлбөрүүд хэрэг­жүүлэхээр төлөвлөж бай­гаа юм байна. Цаашид ямар бод­лого, зарчим барьж ажиллах вэ?
    -Зам, тээврийн хөрөнгө оруулалтын аливаа шийдвэр эдийн засгийн үр ашигтай байдалд суурилах ёстой. Гэхдээ үндэсний эрх ашиг, нийгмийн зайлшгүй шийдэх асуудлыг онцгойлон авч үзэх, дэд бүтцийн хөрөнгө оруулалт нь цаашдын засвар, арчлалтын тогтвортой бодлоготой уялдсан байх, тээврийн үйлчилгээнд хувийн хэвшлийнхэн чөлөөтэй ижил тэгш оролцох, өрсөлдөх боломжтой байх нь чухал юм. Мөн төрийн өмчтэй тээврийн компаниуд татаасгүй үйл ажиллагаа явуулах, дотоодынхоо техникийн болон боловсон хүчний чадавхийг нэмэгдүүлэх болон аливаа төсөл хөтөлбөр нь орчиндоо ээлтэй, аюулгүй, эрчим хүчний хэмнэлтэй байх зэргийг гол зарчим болгон ажиллана.
    -Мэргэжлийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажил­лаж эхэлсэн. Та энэ салбарын мэргэжлийн хүн мөн үү?
    -Тээврийн салбарын үндсэн мэргэжлийн хүн. Тээврийн инженер-эдийн засагч мэргэжилтэй. Тээврийн эрдэм шинжилгээний институтэд мэргэжлээрээ судалгаа шинжилгээний ажил хийхээс ажлынхаа гарааг эхлүүлсэн дээ. Ачаа тээврийн удирдах газар, Далайн тээврийн Тяньжин дахь төлөөлөгчийн газар, сүүлд нь “Монголын төмөр зам” ТӨХК-д  компанийн Гүйцэтгэх захирлын албанд ажилласан. Бүгд л зам, тээврийн салбартай холбоотой ажил даа. Мөн ШУТИС-ийн Механик, тээврийн сургуульд мэргэжлээрээ багшилж, Тээврийн удирдлага, менежментийн чиглэлээр Докторын зэрэг хамгаалсан.
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ЭДИЙН ЗАСГИЙН ҮР АШИГТАЙ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮДЭЭ ОЛОН УЛСАД ТАНИУЛНА

    2017-10-10 07:03:41

    ЗАМЫН БЭЛЭН БАЙДЛЫН МЭДЭЭ

    2017-10-10 06:10:37

    МЕХАНИК ТЭЭВРИЙН СУРГУУЛИЙН 55 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

    2017-10-06 07:16:56

    ХӨДӨЛМӨР БҮТЭЭЛЭЭРЭЭ ҮЛГЭРЛЭСЭН АХМАДУУД ЭНГЭРЭЭ МЯЛААЛГАВ

    2017-10-06 07:15:52

    Д.ГАНБАТ: ЕВРОП-АЗИЙГ ХОЛБОСОН ДӨТ ЗАМЫГ АШИГЛАН ТЭЭВЭРЛЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЭЖ БАЙНА

    2017-10-04 05:33:40

    УЛСЫН ЧАНАРТАЙ АВТОЗАМ ДАГУУ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦОГЦОЛБОРУУД БАРИГДАНА

    2017-10-02 09:28:10

    ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМНЫ АЛБАН ХААГЧИД ГАМШИГААС ХАМГААЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДАВ

    2017-10-02 09:27:11

    МОНГОЛ УЛС, КАМБОЖИЙН ВАНТ УЛСТАЙ АГААРЫН ХАРИЛЦААНЫ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАВ

    2017-09-29 06:53:01

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!