"Монголын мэс засалч эмч нарын нийгэмлэг"-ээс эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай, аюулгүй, хүртээмжтэй үзүүлэх зорилгоор “Мэс заслын менежмент,өвчтөний аюулгүй байдал” сургалт-семинарыг энэ сарын 27-28-ны өдрүүдэд ЭМЯ дээр зохион байгуулж байна.
Тус сургалт семинарт Швейцарын мэс засалчдын багийн ерөнхийлөгч Беат Керер, тус багийн гишүүн Юрг Баерчи нар мэс заслын өрөөний менежмент, мэс заслын өрөөг хэрхэн зөв, үр ашигтай ашиглах, эмч, сувилагч нарын үйл ажиллагааг хэрхэн зөв төлөвлөн, зөв хуваарилах, өвчтөний аюулгүй байдлыг хангах, үүний үр дүнд мэс заслын өрөөний ашиглалтыг сайжруулах улмаар эмнэлгийн орлогыг нэмэгдүүлж болох талаар өөрийн орны туршлагаасаа хуваалцаж, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байгаа юм.
Сургалтад ЭМЯ, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл, согог судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн чанарын албаны дарга, мэс заслын тасгийн эрхлэгч, хагалгааны нэгдсэн тасгийн ахлах сувилагч, мэдээгүйжүүлгийн эмч нар болон холбогдох мэргэжилтнүүд оролцож байна.
Эрүүл мэндийн салбарт Дэлхийн эрүүл мэндийн чуулга уулзалтаас гаргасан өвчтөний аюулгүй байдлын хөтөлбөрийг эрчимжүүлэх дагуу “Хяналтын хуудас”-ыг 2009 оноос УНТЭ-ийн Хагалгааны нэгдсэн тасагт “Мэс заслын аюулгүй ажиллагаа-Аюулгүй мэс засал” үйл ажиллагааны хүрээнд нэвтрүүлж эхэлсэн бөгөөд энэ нь үр дүнгээ өгч, хагалгааны дараах хүндрэл, нас баралтаас урьдчилсан сэргийлж, тохиолдлын тоо буурсаар байгаа юм.