2016.05.09
Сүүлийн үед ХХААЯ, газар тариалан эрхлэгч зарим аж ахуйн нэгжүүдийн хооронд импортын үрийн буудайн чанарын талаар маргаантай асуудал гараад байгаа. Ингэхдээ МХЕГ-ын улсын байцаагчийг дарамтлах, нэр төрд нь халдах, цаашлаад Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг харлуулсан нэг талыг барьсан мэдээлэл цацагдах болсон учир сэтгүүлчдэд үнэн зөв мэдээлэл өгөхөөр хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа. Энэхүү хэвлэлийн бага хуралд МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж, дэд дарга П.Ангараг, ХХААХГ-ын дарга Ч.Энх-Амгалан, “Төв лаборатор”-ийн дарга Б.Амар, Дархан-Уул аймаг МХГ-ын дарга Д.Бат-Эрдэнэ нар оролцсон юм.
Тариалан эрхлэлтийг дэмжих сан /ТЭДС/-тай хийсэн гэрээний хүрээнд “Нямбайгаль Даваа” компани эхний ээлжинд 2000 тонн буудайг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр ОХУ-аас вагоноор оруулан ирж, ТЭДС-ийн Хөтөл дэх салбарт буулгасан. Гэтэл тус компанийн оруулж ирсэн үрийн буудай чанарын шаардлага хангасан, хангаагүй гэсэн Дархан-Уул, Сэлэнгийн мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт маргааныг дэврээсэн учир МХЕГ-аас албан ёсны байр сууриа илэрхийлсэн нь энэ.
МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж хэлэхдээ “Дархан Уул аймаг дахь МХГ, ТЭДСан, “Нямбайгаль даваа” ХХК-ийн хүсэлтээр импортын үрийн буудайд дүгнэлт гаргасан. Дархан Уул аймгийн МХГ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, хил хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Д.Нарантуяа, улсын ахлах байцаагч П.Болормаа нар аж ахуйн нэгжийн төлөөллийг байлцуулж, гүнийн гаалийн хорио цээрийн хяналт шалгалтыг хамтран хийж, 2016 оны дөрөвдүгээр сарын 19-20 ны үед дээжийг анхлан авч шинжлүүлсэн байна. Дээж авсны дараа гаалийн байцаагч лац тавьдаг юм. Гэтэл лац тавиад, МХГ-ын улсын байцаагч дээжээ лабораторид шинжлүүлэх үед, шинжилгээний дүн гараагүй, ТЭДСанд албан ёсоор хүлээлгэж өгөөгүй байхад, Сэлэнгэ аймгийн МХГ-ын улсын байцаагч Д.Цэрэндулам, А.Бямбадорж нарын хүмүүс гаалийн лацыг зөвшөөрөлгүй хөндөж, дээж авснаас болоод энэ маргаантай асуудлыг дэврүүлсэн” гэдгийг онцолсон юм.
Сэлэнгэ аймгийн МХГ-ынхан дур мэдэн дээж авсан энэ байдал өнөөдрийн дагаж мөрдөж байгаа холбогдох хуулийг ноцтой зөрчжээ. Мэргэжлийн хяналтын байгууллага үрийн буудайнд дээж авах, шинжилгээнд явуулахад хууль заасан үндэслэлийг баримталдаг. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүнээс дээж авахдаа шалгуулагч иргэн, хуулийн этгээд талаас төлөөлөл байлцуулах, бүтээгдэхүүнээс дээж авсан тэмдэглэлийг гурван хувь үйлдэж гарын үсэг зурж батлагаажуулах, иргэн хуулийн этгээд, лабораторид өгч шалгалтын материалд хавсаргах, бүтээгдэхүүнээсээ дээж авсан тэмдэглэлдээ хяналтын газрын, аймаг нийслэл мэргэжлийн хяналтын алба хэлтсийн индекс, улсын байцаагчийн хувийн дугаарыг бичих, дээж авсан тоо хэмжээ, чанарыг хариуцах журамтай. Гэтэл эдгээр журмыг Сэлэнгэ аймаг дахь МХГ-ынхан зөрчсөн байлаа.
Асуудал ингээд зогссонгүй. МХЕГ-ын удирдлагад гаалийн байгууллагаас албан бичгийг ирүүлжээ. Уг албан бичигт “Танай Сэлэнгэ аймгийн МХГ-ын газрын ургамал хамгаалал, хяналтын улсын байцаагч Д.Цэрэндулам, А.Бямбадорж нар 2016 оны 04 дүгээр сарын 19-нд гаалийн хяналтад байгаа ТЭДСангийн тээвэрлэлтийн гаалийн битүүмжилсэн ломбыг тасдаж, дээж авсан нь хууль зөрчиж байна” гэсэн байлаа. Энэ талаар МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж байр сууриа илэрхийлэхдээ “Сэлэнгэ аймаг дахь МХГ-ын удирдлага, улсын байцаагчдын хууль зөрчсөн ноцтой зөрчил гаргасныг би үнэнээр нь хэлэх ёстой. Энэ бол Мэргэжлийн хяналтын байгууллагын хувьд байж боломгүй алдаа. Сэлэнгэ аймгийн МХГ-ын удирдлага болон улсын ахлах байцаагч Д.Цэрэндулам нар хоёр дахь удаагаа ийм ноцтой алдаа гаргаад байна. 2014 онд бас ийм ноцтой алдаа гаргаж байсан.
Тиймээс маргааныг дэгдээж, маргалдагч талын нэг талыг барьсан дүгнэлт гаргаад байгаа Сэлэнгэ аймаг дахь МХГ-ыг үрийн буудайн асуудлаар дүгнэлт гаргах, дээж авах ажлаас бүрэн чөлөөлж байгаа” гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, импортын үрийн буудайнаас дээж авах, шинжлэх ажлыг Дархан–Уул аймаг дахь МХГ болон лабораторид бүрэн хариуцуулсан юм.
Мөн энэ үеэр МХЕГ-ын удирдлага хэлэхдээ “Нямбайгаль Даваа” компанийн оруулж ирсэн үрийн буудайнаас ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс энэ сарын 03-ны өдрийн 01 цагт дээж авах гэсэн. Гэвч цагдаагийн байгууллагад тийм эрх үгүйн учир Дархан-Уул аймаг дахь МХГ-ын улсын байцаагч ТЭДСан, “Нямбайгаль Даваа” компанийн төлөөллүүдийг байлцуулж импортын буудайг дахин шинжлэхээр дээж авсан байна. Улмаар цагдаагийнхан өөрсдийн биеэр МХЕГ-ын Төв лабораторид хүргэнэ гэж авсан дээжээ өнөөдрийг хүртэл бүтэн зургаан хоног тус лабораторид авчирч өгөөгүй” талаар сэтгүүлчдэд мэдэгдэв.
Дархан–Уул аймаг дахь МХГ-ын “Алтайская жница” сортын импортын үрийн буудайнаас дөрвөн удаа дээж авч Төв лабораторид шинжлүүлэхэд уг үрийн буудайг тариалахад тэнцэнэ гэсэн дүгнэлт гаргажээ. Харин тариалан эрхлэгч зарим аж ахуйн нэгжүүд оруулж ирж байгаа үрийн буудай нь монголд нутагшаагүй гэх яриа гаргаад байгаа ч албаны хүмүүс “Алтайский” сортын буудайгаар Монгол Улсад тариалалт хийгээд хэдийнэ 10 жил болсон гэдгийг албан ёсоор мэдэгдлээ гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.