2016.05.05
“Хяналт бүр хэрэглэгчийн төлөө” уриан дор МХЕГ-ын Удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр болж өнгөрсөн онд хүрсэн ажлын үр дүн, цаашид дэвшүүлсэн зорилт, системийн хэмжээнд тулгамдаад байгаа асуудлыг авч хэлэлцлээ. Уг арга хэмжээний нээлтэд Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар оролцож үг хэлсэн юм.
Хоёр өдөр үргэлжлэх энэхүү зөвлөгөөний үеэр МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж тавьсан илтгэлдээ “Миний бие ажил авсан өдрөөсөө эхлээд төсөв бүрдүүлэгч байгууллага биш учраас нийт ажлын 30 хувь нь шалгалт, 70 хувь нь аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг эрсдлээс урьдчилан сэргийлэх, зөвлөн туслахад чиглүүлж ажиллана гэдгээ мэдэгдсэн. Хяналт шалгалтыг айдас хүйдэс биш алдаж эндэхгүй амьдрахын чиглүүлэгч болгож, хууль, стандартын сахин мөрдөлтийг дэмждэг, хүнд суртал, чирэгдэлгүй, хөгжил дэвшилд түлхэц болсон, иргэддээ үйлчилдэг, нээлттэй, хяналтын байгууллагыг би шинэ хяналт гэж хэлж байгаа юм. Шалгалтыг хэт шүтсэн, хяналтын байгууллагын дадсан арга барил болсон өмнөх дүр төрх, сэтгэлгээнээс хурдан салж дээр томьёолсон агуулгыг хяналт шалгалтын байгууллагын хөгжлийн шинэ дүр төрх гэж харж ажиллах хэрэгтэй байна” гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.
2015 оны тоон мэдээнээс үзэхэд, Мэргэжлийн хяналтын байгууллага системийн хэмжээнд 44564 иргэн, хуулийн этгээдийг хамруулсан шалгалт хийж, 160389 зөрчил илрүүлж, 9606 акт, 7948 албан шаардлага, 13612 дүгнэлт гаргаж 3056889,0 төгрөгийн нөхөн төлбөр, 2015238,0 төгрөгийн шийтгэвэр ногдуулж, 176,578,0 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг улсын орлого болгосон байна.
Мэргэжлийн хяналтын байгууллагын хувьд УИХ–ын чуулганаар хэлэлцэгдэх Хяналтын тухай, Төрийн албаны тухай, Төрийн албан хаагчийн нийгмийн баталгааны тухай хуулийн төсөлд онцгойлон анхаарч, эрхзүйн орчноо сайжруулах чиглэлээр тодорхой бодлого, санаачилгатайгаар ажиллах юм. Түүнчлэн системийн хэмжээнд мэргэжлийн хяналтын байцаагчдыг төрийн тусгай албан хаагчийн ангилалд шилжүүлэх, ингэснээр олон жил яригдсан, мэргэжлийн хяналт түүний дотор хилд ажиллаж байгаа улсын байцаагчдын нийгмийн асуудал болох цалин, нэмэгдэл, зэрэг дэв, дүрэмт хувцасны асуудал зэргийг шийдвэрлэх боломжийг алдалгүй идэвхтэй ажиллах шаардлага тавигдаж байгаа нь өнөөдрийн тулгамдсан асуудал болоод байна.
Энэ үеэр МХЕГ-ын Дэд дарга Ю.Галсан “Мэргэжлийн хяналтын байгууллагаас өнгөрсөн онд хийсэн ажил, үр дүн”, Хяналтын газрын дарга нар хийсэн ажил, цаашид анхаарах асуудлынхаа талаар мэдээлэл хийлээ. Мөн Эрсдэлийн удирдлага, стратеги төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Д.Түмэндэмбэрэл “Шилэн хяналтын системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх нь”, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Я.Ариунзул “Мэргэжлийн хяналтын байгууллагын 2015 оны үйл ажиллагааг үнэлсэн дүн, цаашид анхаарах асуудлууд”, Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Н.Гантуяа “Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүллээ гэж МХЕГ-ын“Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс” мэдээллээ.