2016.04.28
Үйлдвэрлэлийн ослын улмаас амь насаа алдсан хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэж жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас “Ажлын байрны эрүүл мэнд, аюулгүй өдөр” болгон зарласан. Дөрөвдүгээр сарыг үйлдвэрлэлийн осол гэмтлээс сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, ажлын байрны нөхцөлийг сайжруулахад чиглэсэн аян болгосон бөгөөд энэ хүрээнд өнөөдөр “Нэн түрүүнд ХАБ-2016” бага хурал боллоо.
Уг хуралд МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж хэлсэн үгэндээ “Улсын хэмжээнд нийт үйлдвэрлэлийн ослын тохиолдлын тоог 1986-2015 он хүртлэх байдлаар харвал буурах хандлага байгаа. Гэсэн хэдий ч сүүлийн таван жилд өсөх хандлагатай байна. Сүүлийн 10 жилд 4554 үйлдвэрлэлийн осол гарсан бөгөөд ослын тоог авч үзвэл 2006 онд хамгийн их гарсан бол 2008 оноос буурах төлөвтэй байна” гэдгийг онцолж байлаа. Түүнчлэн тэрбээр ажил олгогч нарт ажлын байрны аюулыг олж илрүүлэх, онцгой эрсдэлийг засч залруулах,үйлдвэрлэлийн дотоод хяналтыг үр дүнтэй зохион байгуулах хэрэгтэйг онцгойлон анхааруулсан юм.
Хоёр өдөр үргэлжлэх энэхүү бага хурлын маргаашийн хуралдааныг МХЕГ-ын дэд дарга Ю.Галсан удирдах бөгөөд Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгс “Хяналтын тогтолцоо ба асуудлууд”, Эрсдэлийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Б.Түмэндэмбэрэл “ААН байгууллагууд цахим системийг ашиглах арга зүй”, Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч С.Баяраа “ААН байгуулалгууд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын бүртгэл” сэдвээр тус тус илтгэл тавина гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.