2016.04.14
Монгол Улсын Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласантай холбогдуулан иргэдийг эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай эмээр хангах, эмчийн зааврын дагуу эм хэрэглэх, эмчийн жор бичилт, эмийг жороор олгох байдлыг төлөвшүүлэх зорилгоор “Эмийн зохистой хэрэглээ” сарын аяныг зохион байгуулсан билээ. МХЕГ-ын Даргын Зөвлөлийн ээлжит хурлаар уг аяны дүнгийн талаар хэлэлцсэн юм. Энэхүү хуралд МХЕГ-ын Удирдах зөвлөлийн гишүүдээс гадна Эрүүл мэнд, спортын яам, ЭМХҮТ, Эм холбоо, Эм хангамжийн байгууллагуудын холбоо, НДЕГ, НМХГ-ын төлөөлөгчид оролцов. Энэ үеэр МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж хэлэхдээ “Зохисгүй хэрэглэж байгаа эм бол хор. Тиймээс иргэдийн эмийн зохистой хэрэглээнд төлөвшүүлэх нь бидний аяны үр дүн байх ёстой. Эмийг зохистой хэрэглэх ётсой гэдгийг нийгэмд мэдрүүллээ. Гэхдээ ингээд өнгөрч болохгүй. Аяны хүрээнд хийсэн ажлуудыг цаашид тогтмолжуулж, гарах үр дүнгийн төлөө энд цугласан холбогдох байгууллагууд дор бүрдээ хичээж ажиллах хэрэгтэй байна. Учир нь эмийг импортоор оруулж ирэх худалдаа бизнес болтлоо цэцэглэн хөгжлөө. Энэ нь эргээд эмийн замбараагүй хэрэглээг бий болгосноор антибиотикт дасалтай болгож, монгол хүний генд нөлөөлөх аюулыг нүүрлүүлээд байна гэдгийг онцлон тэмдэглэж байлаа.
Өнөөдөр Монгол Улсын эмийн бүртгэлд нийт 4000 орчим эм бүртгэгдсэнээс 597 нь нянгийн эсрэг үйлчилгээтэй /антибиотик/ эм байна. Гэтэл эмчилгээнд түгээмэл хэрэглэгддэг антибиотикуудаас амоксициллин 95, ципрофлоксацин 52, ампициллин 40, метранидазол 27, бензилбензоат пенициллин 24, цефтриаксон 23, азитромицин 16, цефатаксим 14, цефазолин 10, доксициклин найман янзаар тус тус бүртгэгдсэн байх жишээтэй. Ялангуяа амоксициллин, ампициллин, ципрофлоксацин нь нийт бүртгэгдсэн нянгийн эсрэг эмийн 35,3 хувийг эзэлж байгаа нь эмчийг жор бичихэд төөрөгдүүлэхэд хүргэж байна. “Антибиотикийн идэвхи тодорхойлох” хяналт шинжилгээнд дотоодын 7 эмийн үйлдвэр / импортын 75 үйлдвэрийн нийт 35 улсын 82 нэрийн эмүүдээс дээж авч МХЕГ-ын ХАБҮЛЛ-ийн Эмийн хяналтын итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүллээ. Шинжилгээнд хамрагдсан эмүүд фармакопейн шаардлага хангаж байгаа боловч үйлдвэрлэгчдийн эмийн идэвх нь зөвшөөрөгдсөн интервалийн хүрээнд харилцан адилгүй байв.
Түүнчлэн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан 36 эмийн үйлдвэр байдаг ч төлөвлөгөөт хяналт шалгалтын үеэр 20 үйлдвэр үйл ажиллагаа явуулаагүй байгаа гэдгээ мэдэгдсэн юм. Иймд 15 үйлдвэрийг төлөвлөгөөт хяналт шалгалт, хяналт шинжилгээнд хамруулан зах зээлд худалдаалагдаж байсан 20 нэрийн эмнээс нь дээж авч ХАБҮЛЛ-ийн Эмийн хяналтын итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлэхэд 15 хувь нь чанарын шаардлага хангаагүй дүнтэй гарчээ. Иймд дээрх эм, бүтээгдэхүүнийг зах зээлээс эргүүлэн татуулж хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авав. Харин дотоодын эмийн үйлдвэрүүдийн эмийн бүртгэлийн асуудлаар 2014 онд хийгдсэн шалгалтаар 27 эмийн үйлдвэрийн 1176 нэрийн эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний 28 хувь буюу 329 нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн байсан бол аяны хүрээнд хийсэн шалгалтаар 76 хувь буюу улсын бүртгэлд бүртгэгдэж бүртгэлтэй эмийн тоо 48 хувиар өссөн байлаа.
Мөн аяны хүрээнд ЭЦГ-тай хамтран улсын хэмжээнд таван өдөр урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийхдээ нийт 194 эмийн сан, 50 эм ханган нийлүүлэх байгууллага, 40 эмнэлэг, худалдааны төвийг хамруулав. Уг шалгалтаар хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан 198 нэрийн 1030 ширхэг, эмийн бүртгэлд бүртгэгдээгүй 82 нэрийн 4098 ширхэг, хаяг шошгын зөрчилтэй 160 нэрийн 5254 ширхэг эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг илрүүлэн, хоёр асуудлыг ЭЦГ-т шилжүүлж, нийт 440 нэрийн эм бүтээгдэхүүнд улсын байцаагчийн 47 акт үйлдэн хураан авсан юм.
Үүгээр ч зогсохгүй Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмэнд “Эм, эмнэлгийн хэрэгслийн импортын зөвшөөрөл”-ийг олгосон ноцтой зөрчлийг илрүүлэв. Тухайлбал, Нурофен 200мг N20 шахмал эмэнд 2015 оны 12 сарын 24 өдрийн 001.003/15/3523 дугаартай “Эм, эмнэлгийн хэрэгслийн импортын зөвшөөрөл” бичиж, Өргөө фарм импекс ХХК-д олгосон байлаа.
“Эмийн зохистой хэрэглээ”-г төлөвшүүлэхэд чухал үр нөлөө үзүүлдэг эмийн жорын бичилт, жороор эм олгож байгаа эсэхэд тандалт судалгаа хийхэд судалгаанд хамрагдсан эмийн сангуудын 65 хувь нь зайлшгүй жороор олгох эмийг жоргүй олгосон байв. Харин жороор олгосон 35 хувьд нь “Эмийн жорын маягт, жор бичилт MNS 5376:2014 стандарт”-ын шаардлага хангасан эсэхийг судлахад 92 хувь нь шаардлага хангаагүй ноцтой дүн гарчээ.
Эмийн санд хүлээн авсан стандартын шаардлага хангаагүй 15210 эмийн жоронд судалгаа хийхэд 60 хувь нь эмийн хэрэглэх аргыг бүрэн бичээгүй, 46 хувь нь эмийн тунг буруу бичсэн, 48 хувь нь стандартын бус маягт болон цаасан дээр эмийн жор бичсэн, 44 хувь нь эмийг олон улсын нэршлээр бичээгүй, 30 хувь нь эмнэлэг, эмчийн нэр, тэмдэггүй, 24 хувь нь өвчтөний нэр, нас бичээгүй байна зэрэг зөрчлүүдийг гаргажээ.
Өнгөрсөн онд эмийн хэрэглэх зааврыг Монгол хэл дээр болгох асуудлаар МХЕГ-аас хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Учир нь 72 эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагын нийт 3584 нэрийн импортын эмэнд дүн шинжилгээ хийхэд 78 хувь нь хэрэглэх зааврыг Монгол хэл дээр орчуулаагүй байсан юм. Гэтэл 2016 оны 03 дугаар сарын туршид Улаанбаатар хотын гүний гаалийн талбайгаар импортлогдсон 287 нэрийн эмийн хэрэглэх зааварт судалгаа хийхэд 91,8% нь Монгол дээр бичигдсэн хэрэглэх зааваргүй байгаагаас харахад Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5 дахь заалтын биелэлт бүрэн хэрэгжихгүй байна гэх дүгнэлт гаргахад хүрэв.
Илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, түүнээс үүдэн гарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор дараах арга хэмжээг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор хэрэгжүүлэн ажиллахыг Эрүүл мэнд спортын яам, эмнэлэг, эм хангамжийн байгууллагуудад даалгалаа гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах албанаас мэдээлж байна.