Эрхэм
хүндэт зочид төлөөлөгчидөө,
Хатагтай, Ноёд оо
Монгол Улсын Эрчим хүчний яам, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Монголын салхины эрчим хүчний ассоциаци, Даян дэлхийн ногоон өсөлтийн институт болон салбарын бусад байгууллага, гадаад, дотоодын компаниудтай хамтран зохион байгуулж буй “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний 7 дугаар форум”-д хүрэлцэн ирсэн Та бүхэнд Эрчим хүчний яамны өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлж, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Энэхүү форумыг сүүлийн жилүүдэд Монголын салхины эрчим хүчний ассоциаци төрийн бус байгууллага идэвхи санаачлагатай, амжилттай зохион байгуулж буйд баяр хүргье.
Дэлхий
дахин уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлыг цаашид бууруулах
зорилгоор эрчим хүчний салбарт түүхий нүүрсний хэрэглээг багасгах, цэвэр эрчим
хүчний эх үүсвэрүүдийг дэмжин хөгжүүлэх талаар эрчимтэй ажиллаж байна. НҮБ-ын
“Тогтвортой эрчим хүч бүх нийтэд” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Дэлхийн
эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах” санаачлагыг дэвшүүлж дэлхийн эрчим
хүчний хэрэгцээг сэргээгдэх эрчим хүчээр хангах замаар уур амьсгалын
өөрчлөлтийг бууруулах, эдийн засгийн өсөлтийг хангахад дэлхий даяар ихээхэн
анхаарал тавьж байна. Үүний нэг илрэл нь өнгөрсөн 7 хоногт БНХАУ-д зохион
байгуулагдсан “Дэлхийн эрчим хүчний хэлхээ холбоо 2016” чуулга уулзалт юм. Тус
чуулга уулзалтаар дэлхийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ нь Ухаалаг сүлжээ, Хэт
өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам, Сэргээгдэх эрчим хүч гэсэн гурван
тулгуур зарчимтай байхыг онцлон тэмдэглэж байна. Дээрх чуулга уулзалтын үеэр
Япон улсын “Софтбанк” компанийн ерөнхийлөгч Масаюши Сон, БНХАУ-ын “Үндэсний
цахилгаан дамжуулах сүлжээ корпораци”-ийн ерөнхийлөгч Шу Инбао, ОХУ-ын Россеть
компанийн дэд ерөнхийлөгч Роман Бердников, БНСУ-ын “Цахилгаан эрчим хүчний
корпораци”-ийн ерөнхийлөгч Чо Ван Ик нар Зүүн Хойд Азийн эрчим хүчний сүлжээг
байгуулах талаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж
бичгийн хүрээнд улс хоорондын цахилгаан дамжуулах сүлжээ байгуулах судалгаа
хийх ажлыг бүс нутгийн орнуудын засгийн газруудтай хамтарч ажиллахаар боллоо.
Энэ үйл явдал нь Зүүн Хойд Азийн орнуудыг холбосон цахилгаан дамжуулах сүлжээ
байгуулах ажлын эхлэлийг тавьж байна гэж бид үзэж байна. Бүс нутгийн энэхүү
хамтын ажиллагаанд манай улс нэгдэн орж идэвхитэй хамтран ажиллах нь зүйтэй гэж
үзэж байна.
Монгол Улсын Засгийн газраас 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт
“сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх” болон “сэргээгдэх эрчим
хүчний бодлогыг татварын орчноор хөхүүлэн дэмжиж гадаад, дотоодын хувийн
хэвшлийн хөрөнгө оруулалт орж ирэх таатай нөхцлийг бүрдүүлэх” зорилтуудыг
хэрэгжүүлэхээр ажиллаж буйг та бүхэн сайн мэдэх билээ.
Өнгөрсөн 2015 онд Монгол Улсын Их Хурлаас “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах
бодлого”, “Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”,
“Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль,
“Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль”, сэргээгдэх эрчим хүчний тоног
төхөөрөмжийг “Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвар”-аас чөлөөлөх тухай
хуулуудыг баталж, нийт эрчим хүчний суурилагдсан хүчин чадалд сэргээгдэх эрчим
хүчний эзлэх хувь хэмжээг 2023 онд 20%, 2030 онд 30%-д хүргэх томоохон зорилтыг
дэвшүүллээ. Эдгээр бодлогын баримт бичгийг батласан нь эрчим хүчний салбарт
сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг эрс нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг
хөгжүүлэх, эрх зүйн таатай орчин бүрдүүлсэн юм.
Монгол улсын Засгийн газрын 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанаар
гааль, нэмэгдсэн өртөгийн албан татвараас чөлөөлөх сэргээгдэх эрчим хүчний
тоног төхөөрөмжүүдийн жагсаалтыг баталлаа.
Ойрын
жилүүдэд манай улсын хойд хэсэгт томоохон Усан цахилгаан станц барьж байгуулах,
нар салхины нөөц ихтэй өмнөд болон зүүн өмнөт хэсэгт салхин парк, томоохон
хүчин чадалтай нарны станцуудыг барих төслүүдийг хэрэгжүүлэх талаар хувийн
хэвшил, гадаад дотоодын компаниуд эрчимтэй ажиллаж байна. Эрчим хүчний
зохицуулах хорооны зохицуулагчдын хурлаар нийт 755,2 МВт нар, салхи, усан
цахилгаан станц барих тусгай зөвшөөрлийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд
олгосон байна.
Монгол Улсын Засгийн газраас ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, эрчим хүчний
хэмнэлт үр ашгийг дээшлүүлэх, байгаль орчинд сөрөг нөлөө багатай сэргээгдэх
эрчим хүчний технологийг түлхүү ашиглах, хүлэмжийн хийг бууруулах дэлхий
нийтийн чиг хандлагыг дэмжин ажиллахад хувийн хэвшлийн идэвхи санаачлага чухал
хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна.
Манай орон нар, салхи, усны эрчим хүчний баялаг нөөцтэй гэдгийг Олон улсын
сэргээгдэх эрчим хүчний агентлагаас гаргасан “Монгол улсын сэргээгдэх эрчим
хүчний бэлэн байдлын үнэлгээ” судалгааны тайланд тогтоосон байдаг. Энэ
баялагийг орчин үеийн өндөр технологи ашиглан эргэлтэд оруулснаар эрчим хүчний
салбарын хөгжилд түлхэц болох их боломж байна. Сэргээгдэх эрчим хүчний өндөр
технологийг үр ашигтай ашиглах нь маш чухал асуудал гэж үзэж байгаа тул бид энэ
чиглэлээр дэлхийн бусад орнуудын туршлагыг судлан хэрэгжүүлэх талаар олон улсын
байгууллага, бусад орнуудтай идэвхитэй хамтран ажиллах болно.
Манай улс сэргээгдэх эрчим хүчийг орон нутагт ашиглах талаар багагүй амжилтад
хүрсэн. Засгийн газраас малчин өрхийг эрчим хүчээр хангах бодлогыг үндэсний
хэмжээнд тавьж хэрэгжүүлсний үр дүнд өнөөдөр хөдөөгийн бүх малчин айлд
сэргээгдэх эрчим хүчийг амжилттай хэрэглэж байгаа туршлага байна. Одоо
сэргээгдэх эрчим хүчийг хот суурин газар, ялангуяа эрчим хүчний дутагдлыг сэргээгдэх
эрчим хүчээр нөхөх, Улаанбаатар хотын болон хот суурин газрын агаарын бохирдлыг
бууруулах чиглэлээр ашиглах шаардлагатай байна.
Өнөөдрийн энэ форумын үеэр та бүхэн сэргээгдэх эрчим хүчний нөөц боломжоо үр ашигтай ашиглах, эрчим хүчний дутагдлыг сэргээгдэх эрчим хүчээр хангах, Улаанбаатар хот болон хот суурин газрын агаарын бохирдлыг бууруулахад сэргээгдэх эрчим хүчийг ашиглах, сэргээгдэх эрчим хүчний технологийг өргөнөөр ашиглахад үүсч буй хүндрэл бэрхшээлийг даван туулах зэрэг асуудлаар хэлэлцүүлэгт идэвхитэй оролцож, өөрсдийн туршлага, байр сууриа чөлөөтэй илэрхийлэхийг хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа.