Стандартчиллын үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан 2016 оны 3-р сарын 31-ны өдөр боллоо. Салбарын Техникийн хороодоос дэмжигдсэн 30 стандартын төслийг хэлэлцэн 28-ыг нь батласан байна.
Үүнээс Нягтлан бодох бүртгэлийн-6, эрүүл мэндийн-9, хэмжил зүй, мэдээлэл харилцаа холбооны тус бүр-1, барилгын-4, авто тээврийн-4, Газар тариалангийн -1, Сургуулийн өмнөх боловсролтой холбоотой 2 стандартыг тус тус батлажээ.
Эдгээр стандартуудаас олон улсын 8 стандартыг орчуулан үндэсний болгосон бол эрүүл мэндийн салбарын эрдэмтэн мэргэжилтнүүдийн олон жилийн хөдөлмөр зүтгэлээр үхрийн элэгнээс гарган авсан элэгний архаг үрэвсэл болон, хавдрыг эмчлэх биологийн идэвхт бүтээгдэхүүн эллипин, биеийн дархлааг сайжруулах биологийн идэвхт бүтээгдэхүүн барагшун, Чихний үрэвслийг эмчлэх аргатай холбоотой стандартууд батлагдсан. Түүнчлэн орон сууцны барилгын мэдээлэл холбооны суурин сүлжээний төлөвлөлт, суурилуулалттай холбоотой стандартууд шинээр батлагдан гарсан нь хэрэглэгчдэд хүргэх энэ төрлийн үйлчилгээний чанарт ихээхэн өөрчлөлт гарах нөхцөл бүрдлээ.
Мөн тээврийн хэрэгсэл жолоодох сургалт, шалгалт авах байгууллагатай холбоотой стандарт болон сургуулийн ширээ сандалын шаардлага болон турших аргын стандартууд шинээр батлагдлаа.
Барилгын зурагт мэдээлэл холбоо, дохиололын зураг төсөл боловсруулахад тавигдах шаардлага болон хэрэглэх тэмдэглэгээний стандартуудыг шинэчлэн батласан байна.