2016.03.30
Зика вируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хил, хорио цээрийн хяналтын хэлтсээс энэ сарын 26-ны өдөр Бичигт боомтод Зика вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх танхимын сургалтыг зохион байгууллаа.
Сургалтанд Бичигт боомтод ажилладаг зургаан байгууллагын албан хаагчид оролцож, тус халдварт өвчний гарал үүсэл, өвчний үүсгэгч, дамжин халдварлах нөхцөл, өвчний үеийн шинж тэмдэг, Монгол орны нөхцөлд дамжин халдварлах хэлбэр, өвчнөөс урьдчилан сэргийлэх талаарх мэдээлэл авчээ. Мөн нийгмийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх гоц халдварт өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон хил хяналтын байгууллагуудын хүлээх үүрэг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой үеийн бэлэн байдлын бүтэц, бүрэлдэхүүн, мэдээлэл дамжуулах, шийдвэр гаргах, зохион байгуулалтын талаар суралцлаа.
Түүнчлэн Зика вирусийн халдвараас хэрхэн сэргийлэх тухай зөвлөмж боловсруулан иргэд, аж ахуйн нэгжид мэдээлэл хүргэн, хяналт тавин ажиллаж байна.