2016.03.16
Дэлхийн банкны групп Олон улсын санхүүгийн корпорациас хэрэгжүүлж байгаа “Бизнесийн хяналтын шинэтгэл” төслийн хүрээнд “Хяналтын шинэтгэл –Монгол Улсын туршлага, сургамж” олон улсын форум Улаанбаатар хотод ирэх зургаадугаар сард болно. Энэ ажлын хүрээнд өнөөдөр “Бизнесийн хяналтын шинэтгэл” төслийн удирдагч Д.Жигжидмаа хэрэгжүүлж байгаа төслийн талаараа болон Монгол Улсад болох олон улсын форумын талаар танилцууллаа. Уг уулзалтад МХЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж, дэд дарга П.Ангараг, Эрсдэлийн удирдлага стратеги төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Д.Түмэндэмбэрэл нар оролцож төслийн үр дүнгийн талаар болон олон улсын форумд МХЕГ ямар байр суурьтай, хэрхэн оролцох талаараа санал солилцсон юм.
Д.Жигжидмаа уулзалтын үеэр “МХЕГ-тай Олон улсын санхүүгийн корпорацитай 2009 оноос эхлэн нягт хамтран ажиллаж ирсэн. Танай байгууллагыг бид бусад төрийн хяналтын байгууллагуудаас шинэчлэлийг хэдэн хувь илүү хийж чадсан гэж боддог. Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн төлөвлөгөөт ажил, сургалтын үр дүнд мэргэжлийн хяналтын байцаагчдын ур чадвар өсч, эрсдэлийн үнэлгээг зөв хийх, хяналтын хуудсыг ашиглах чадвар дээшилж, хяналт шалгалтыг оновчтой оруулах, үр дүнтэй хийх, эрсдэл аюулыг бууруулахад ахиц, амжилттай байгаад баяртай байна” гэдгийг онцлон тэмдэглэв.
МХЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж “Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг дэмжсэн, үр дүн сайтай төслийг би хувьдаа их дэмждэг. Ялангуяа хэрэгжүүлсэн төсөл нь Монгол Улсад тун амжилттай болж, монголчууд өөрсдийн туршлагаа олон улстай хуваалцах болсон энэ ажилд бид хамтран ажиллахад бэлэн. Тиймээс олон улсын форумыг зохион байгуулах ажилд манай талаас МХЕГ-ын дэд дарга П.Ангарагаар ахлуулсан ажлын хэсэг нарийн төлөвлөгөө гарган ажиллахыг үүрэг болгосон байгаа” гэдгээ албан ёсоор мэдэгдлээ гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлж байна.